Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах хуучин гүүр нурах өндөр эрсдэлтэй гэж үзэн эрх бүхий байгууллагаас хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ. Гэсэн хэдий ч уг гүүрэн дээгүүр одоог хүртэл хүнд даацын машинууд зорчисоор байгаа юм.
Тодруулбал, өдөр, шөнийн аль ч цагт том оврын ачааны автомашинууд гүүрээр зорчиж, байгаа нь замын хөдөлгөөний хяналт сул байгааг оршин суугчид шүүмжилсэн байна. Хэрэв нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авахгүй бол хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учирч болзошгүй юм. Иймд Өлгий сумын удирдлагуудыг хяналтаа чангатгаж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд байнгын пост ажиллуулах зэрэг бодитой арга хэмжээ авахыг тус сумын иргэд шаардсан байна.
Эх сурвалж: Bayan-Ulgii.mn