Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргыг тодруулах Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдана. Энэхүү хуралдаанд оролцохоор ирсэн УИХ-ын Х.Тэмүүжинээс өнөөдрийн хурлын талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Ирэх 10 жилийн улс төрд Ардчилсан нам хүчтэй, мөнгөтэй, нэг бодлого, зорилго чиглэлтэй байхын тулд дотоод ойлголцлоо нэмэгдүүлэх ёстой гэсэн яриа одоогоос бараг зургаан жилийн өмнө болсон юм. Тэр ярианы нэг чухал өнцөг нь 70-аад оныхон бол нам дотроо ч улс төрд ч том шийдвэр гаргагч байна. Намын гал тогооны ажил, улс төрийн шавар зуурах ажил ч гэдэг хар ажилд 80-аад оныхныг оролцуулна. Тэд нараар энэ ажлаа хийлгэх юм бол бид дараа үеээ бэлдчихсэн томоохон улс төрийн хүчин болж хувирах юм байна гэж үзсэн. Бидний энэ үед ахмад, дунд, залуу гэсэн гурван үе зэрэгцэн орших боломж бий болгож байгаа юм. 2024 оны сонгуулийн өмнө ч мөн адил ийм яриа болсон.
Энэ намыг хувь хүн дагасан хуваагдалтай биш, үзэл санааныхаа үнэт зүйлд суурилсан бодлогынхоо нэгдэл рүү чирж явдаг нам болгохын төлөө ажиллах ёстой.
Одоо дандаа хувь хүн дагасан хуваагдал бий болчихоод байна. Нийгэм залхуу байж болно. Харин улс төр хийж байгаа улс төрийн нам ийм залхуу хүнээр баримжаалж асуудлаа шийддэг байж болохгүй. Бодлогоороо, зарчмаараа, үнэт зүйлээрээ баримжаалж асуудлыг шийддэг байх ёстой. Нам бол үзэл баримтлалаараа нэгддэг учраас Ардчилсан намын үзэл санаа түүнд суурилсан бодлогыг эмхлэн зохион байгуулаад, хар ажлыг нь хийж чадах хүн л хэрэгтэй. Тэрнээс биш фракцаараа хуваагдаад хуваагдлынхаа хэрүүлийг нам дотор оруулж ирээд живүүлчих юм бол хэчнээн сайн хүн байсан ч энэ намыг живүүлчихнэ" хэмээн ярьсан юм.
ВИДЕО: