Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах жүдо бөхийн “Улаанбаатар-2026” Их дуулга тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Тус тэмцээн нь “Лос Анжелос-2028” олимпын эрхийн оноо олгох эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн Их дуулгад дэлхийн 59 орны нийт 461 тамирчин (эрэгтэй 257, эмэгтэй 204) өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Тэмцээнд олимпын таван аварга, дэлхийн 25 аварга тэргүүтэй дэлхийн шилдэг жүдочид Улаанбаатарын татамид хүч сорих юм. Тухайлбал, олимпын аваргууд болох Чехийн Лукас Крпалек, Японы Үта Абэ, Азербайжаны Зелим Коцоев, Францын Романе Дико, Тайванийн Ян Юн Вэй зэрэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлжээ.
Монголын шигшээ баг бүх жинд тамирчдаа сойж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн +100 кг-д МУГТ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ Б.Баасанхүү, 63 кг-д МУГТ Л.Энхрийлэн нарын шилдэг тамирчид барилдана.