Гадаад харилцааны салбарын санхүүжилттэй холбоотой асуудлаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан ГХЯ-аас мэдэгдэл гаргалаа

Гадаад харилцааны салбарын санхүүжилттэй холбоотой асуудлаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан ГХЯ-аас мэдэгдэл гаргалаа

Гадаад харилцааны яамнаас сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус салбар болон холбогдох албан тушаалтнуудтай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж буйтай холбогдуулан албан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд дурдсанаар, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яам их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна. Ийм төрлийн баталгаагүй мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна гадаад харилцааны салбарт ажиллаж буй албан хаагчдын нэр хүндийг хөндөх, цаашлаад Монгол Улсын олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг онцолжээ. Мөн гадаад харилцааны салбар нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой стратегийн чухал салбар гэдгийг тэмдэглэсэн байна. Түүнчлэн, худал, ташаа мэдээлэл нь олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд үл ойлголцол үүсгэх, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдэд саад учруулах, харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүйг дурдсан байна.

Гадаад харилцааны яамны батлагдсан төсөв 2024 онд 29.4 тэрбум төгрөг, 2025 онд 33.7 тэрбум төгрөг, 2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд үүний ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг аж. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан этгээд тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадахгүй тохиолдолд няцаах, учруулсан хохирлыг арилгах үүрэг хүлээхийг сануулжээ. Иймд дээрх мэдээллийн үнэн зөвийг хуульд заасан журмын дагуу тогтоолгох, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах хүртэлх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэдээллийг нягталж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатайгаар түгээхийг уриаллаа.