2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай жолоо барьсан таван гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Эдгээр зөрчил нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болдог. Тодруулбал, жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар дахин хасах, мөнгөн торгууль ногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял оногдуулах хүртэл хариуцлага хүлээлгэдэг байна. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.