Өмнөд Солонгост AI нүдний шил ашиглан TOEIC шалгалтаас хуулахыг оролдсон анхны тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгост AI нүдний шил ашиглан TOEIC шалгалтаас хуулахыг оролдсон анхны тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгост олон улсын англи хэлний мэдлэг тогтоох TOEIC шалгалтын үеэр хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шил ашиглан хуулахыг оролдсон анхны тохиолдол бүртгэгджээ.

Солонгосын TOEIC-ийн холбооноос зургаадугаар сарын 10-нд мэдээлснээр, өнгөрсөн сарын 10-31-ний хооронд зохион байгуулсан шалгалтын үеэр хоёр шалгуулагч хиймэл оюун ухаант нүдний шил ашиглан хуулсан нь тогтоогдсон байна. Улмаар тэдний шалгалтын оноог хүчингүйд тооцож, дөрвөн жилийн хугацаанд TOEIC шалгалт дахин өгөх эрхийг нь хасжээ.

Шалгалт эхэлсний дараахан зарим шалгуулагч ухаалаг нүдний шил зүүсэн байгааг хянагчид анзаарсан байна. Гэсэн ч шалгалтын явцад бусад оролцогчдод саад учруулахгүйн тулд тухайн үед арга хэмжээ аваагүй бөгөөд дараа нь нөхцөл байдлыг нарийвчлан шалгасны үндсэн дээр хуулсан болохыг баталгаажуулжээ.

Энэхүү хэрэг нь ирэх арваннэгдүгээр сард болох коллежийн элсэлтийн шалгалт зэрэг үндэсний хэмжээний томоохон шалгалтуудын аюулгүй байдал, хяналтын асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Тиймээс эрх баригчид хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмж ашиглан хуулах эрсдэлийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шилний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Анхны загварууд нь зураг авах, дуу бичих зэрэг энгийн функцтэй байсан бол шинэ үеийн төхөөрөмжүүд бодит цагийн мэдээлэл боловсруулах, олон хэлний орчуулга хийх, байршил тогтоох зэрэг боломжуудтай болсон. Гэвч энгийн нүдний шилтэй төстэй загварууд нь шалгалтын үеэр хууль бусаар ашиглагдах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Технологийн салбарын томоохон компаниуд ч ийм төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч буй. Тухайлбал, “Meta” компани тавдугаар сарын сүүлээр хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шилээ Өмнөд Солонгосын зах зээлд танилцуулсан бол “Samsung Electronics” компани “Google”-тэй хамтран хөгжүүлж буй шинэ бүтээгдэхүүнээ энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Korea Herald