Иргэн Г.Солонго нарыг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарчээ

Иргэн Г.Солонго нарыг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарчээ

Тэмцэгч гэх нэрээр танигдсан иргэн Г.Солонгыг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан зэрэг хэргээр хуулийн байгууллагаас шалгаж, прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Г.Солонгыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Түүнийг хамтрагч гэх Г.Адилбишийн хамт яллагдагчаар татсан бөгөөд тэднийг бүлэглэн Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан, "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм байна. 

Үүнтэй холбоотойгоор Г.Солонго болон Г.Адилбиш нарт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах, мэдүүлэг тайлбар авахаар дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй байгаа юм.

Тиймээс Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс яллагдагч Г.Солонго, Г.Адилбиш нарыг шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан байна.  Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ 1-д Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн хуулийн 13.8 дугаар зүйл /Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах/-ийн 1-д Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.  Харин 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байна. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө