Төв аймгийн Заамар сумын нутаг "Ар Наймган" гэх газарт гурван настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Онцгой байдлын алба хаагчид аврах ажиллагааг яаралтай зохион байгуулсан боловч охины цогцсыг л гаргаж авсан юм.
Өдгөө тус хэрэгт хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
-"РЭДВУЛКАН" ХХК-ИЙН "АР НАЙМГАН"-Ы АЛТНЫ ШОРООН ОРДНЫ ДООД ХЭСГИЙН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ-
Тэгвэл гурван настай охин амиа алдсан "Ар Наймган"-ы алтны шороон ордны "доод хэсэг"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Рэдвулкан" гэх компани эзэмшиж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын салбарт төрийн хяналт, хариуцлагыг чангатгах бодлогын хүрээнд тус компанид олгогдсон MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан гэдгийг салбарын сайд Г.Дамдинням мэдэгдсэн. Харин өнөөдөр гурван настай бяцхан охин амь насаа харамсалтайгаар алдсан хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ, хэдхэн хоног халаглаад энэ асуудал өнгөрөх үү гэдэг асуулт хариултаа нэхэж буй.
-“ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙД НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТЭРЧ, ШОРОО ҮҮРЧ ГАРЛАА” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ БУУДАЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл Төв аймгийн Заамар сумын нутаг "Ар Наймган"-ны алтны шороон ордын "дунд хэсэг"-т ч өнгөрөгч 2025 оны сүүлээр бусдыг буудаж, биед нь халдсан ноцтой хэрэг гарч байжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард /2025.09.05/ "Ар Наймган"-ы "дунд хэсэг" буюу “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвшөөрөлгүй нэвтэрч, шороо үүрч гарлаа гэх шалтгаанаар Б гэх иргэнийг харуул хамгаалалтын ажилтан нь буудаж, гэмтээсэн хэрэг гарч байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "харуул хамгаалалтын ажилтан нь тухайн хохирогч иргэний зүүн гарын шуу хэсэгт буудсан бөгөөд уг хэргийг өдгөө хуулийн байгууллага шалгаж байгаа" гэх мэдээлэл байгаа юм. Магадгүй энэхүү хэрэг явдал гарсантай холбогдуулж "Ар Наймган"-нд үйл ажиллагаа явуулж байсан уурхайнуудыг хаасан бол өнөөдөр гурван настай охин амиа алдахгүй байсан ч байж магадгүй юм. Тэгвэл бусдыг буудаж, бяцхан охины амь насыг авч одсон "Ар Наймган" гэх алтны шороон ордыг чухам хэн эзэмшдэг вэ гэдэг нь энд анхаарал татаж байна.
-"АР НАЙМГАН"-Ы АЛТНЫ ОРДЫН ДЭЭД, ДУНД, ДООД ХЭСГИЙГ "РЭДВУЛКАН" ХХК-ИЙН ЭЗЭН Л.МӨНХСАЙХАН ТҮҮНИЙ НАГАЦ АХ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ОТГОНЛХАГВА НАР ЭЗЭМШДЭГ-
"Гурван настай охин унаж нас барсан уурхайн цооног буюу Төв аймгийн Заамар сумын нутагт орших "Ар наймган"-ы алтны шороон ордын доод хэсгийн MV-015479 дугаартай ашиглалтын лиценз болон дээд хэсгийн MV-015478 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Рэдвулкан" гэх компани эзэмшдэг байгаа юм. Мөн "Ар наймганы хөндийн дээд хэсэг"-ийн MV-015480 дугаартай ашиглалтын лицензийг эзэмшдэг аж. Нээлттэй мэдээллээс шүүж үзэхэд тус компанийн эцсийн өмчлөгчөөр Л.Мөнхсайхан гэх хүн бүртгэлтэй байгаа бол Э.Мөнхцэцэг, Н.Сүрэнхорлоо нар хувь эзэмшдэг байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Харин "Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай руу нь хууль бусаар нэвтэрч, шороо үүрч гарлаа" хэмээн бусдыг буудаж, гэмтэл учруулсан гэх хэрэг гарсан "Ар Наймганы дунд хэсэг"-ийн MV-005028 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Рэдвулкан" ХХК-ийн эзэн Л.Мөнхсайханы нагац ах Улсын алдарт уяач Д.Отгонлхагвагийн "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК эзэмшдэг аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Товчхондоо, ураг төрлийн холбоотой ах, дүүсийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нэг бяцхан зүрх амь тасарч, амь зуух гэсэн нэгэн иргэн буудуулж гэмтэл авсан байна.

-"РЭДВУЛКАН" ХХК ХҮҮХЭД УНАЖ АМИА АЛДСАН ТАЛБАЙН ЦООНОГУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ХЭМЭЭН ТАЙЛАГНАЖ БАЙЖЭЭ-
Хамгийн ноцтой нь, гуравхан настай бяцхан охин аврал эрсээр амиа алдсан хүйтэн цооногтой хайгуулын талбайг Л.Мөнхсайханы "Рэдвулкан" ХХК 2022 онд нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ашигт малтмал газрын тосны газарт маягт дээр тайлан гаргаж өгч байжээ.
Тодотговол, "Рэдвулкан" ХХК нь 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс зургаадугаар сарын 19-ний өдрийн хооронд MV-015479 дугаар бүхий ашиглалтын талбайн 51 цооногийн 153 м3 газарт нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ажлын мэдээ гаргаж өгч байжээ.
Тус "Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ"-д "Рэдвулкан" ХХК-ийн захирал Л.Мөнхсайхан, Геологич Ж.Лхам-Очир, Төв аймгийн Заамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очир нар тамга дарж, гарын үсэг зурсан байх аж. Тэгвэл гурван настай охин унаж амиа алдсан цооногийг "Рэдвулкан" ХХК магадгүй нөхөн сэргээсэн хэмээгээд худал хэлж төрд тайлагнасан уу, үүнийг нь төрийн алба хаагч мэдсэн үү, эсвэл тухайн цооногийг үүнээс хойш ухаж үүсгэсэн үү, бусдын амь нас, эрүүл мэндэд үнэлж баршгүй хохирол учруулсан байж болзошгүй төрөл садны хүмүүст хариуцлага тооцохгүй энэ мэтээр явсаар байх уу гэх асуултын хариултыг холбогдох албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагад үлдээе.