Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж, шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Өлгий сум болон Бугат сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт мөрдөж байсан хорио цээрийн дэглэмийг бууруулж, өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ.

Харин шүлхий өвчний тархалт бүрэн хумигдаагүй байгаа тул Алтай суманд хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн шинээр өвчний тохиолдол батлагдсан Дэлүүн суманд хорио цээрийн дэглэм тогтоож, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна аймгийн төвөөс Улаанбаатар хот, Ховд, Увс аймаг болон Буянт, Толбо сум, Цагааннуур боомтын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйтгэл хийж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна. Мөн Ховд аймаг болон Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын хооронд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хоригложээ. Түүнчлэн олон нийтийг хамарсан хурим найр, хүлээн авалтын үйл ажиллагаанд нэмэлт хяналт тавьж, өвчин бүртгэгдсэн болон эрсдэлтэй бүсээс мал, мах, махан бүтээгдэхүүн оруулахыг хориглосон байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хурдан морины бүх төрлийн уралдаан, үсэргээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Аймаг, сумдын удирдлагуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх, хяналтын цэгүүдийг тогтмол ажиллуулах, өвчний голомт болон хамгаалалтын бүс дэх хөдөлгөөний хяналтыг чангатгах үүрэг өгсөн байна. Мэргэжлийн байгууллагуудаас иргэд, малчдыг холбогдох заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг анхаарууллаа.