Монголын сонгодог хөгжмийн салбарын нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Ардын жүжигчин С.Гончигсумлаа агсны нэрэмжит “Төгөлдөр хуур, чавхдаст хөгжмийн улсын V уралдаан” өндөрлөснөөс хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч оролцогчдын шагнал, урамшуулал олгогдоогүй асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Ур чадвар, хөдөлмөрөө сорьж оролцсон хөгжимчид төдийгүй зохион байгуулалтад оролцсон мэргэжилтнүүд хүртэл цалин хөлсөө авч чадаагүй байгаа нь салбарын хэмжээнд хариуцлага, зохион байгуулалтын доголдлыг хөндөж байна.
-ОРОЛЦОГЧДЫН ЗҮГЭЭС САЛБАРЫН САЙДАД УДАА ДАРАА ХАНДСАН Ч ТОДОРХОЙ, АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР АВААГҮЙ БАЙНА-
Ардын жүжигчин С.Гончигсумлаа агсны нэрэмжит хөгжмийн улсын V уралдаан энэ удаад онцлог нөхцөлтэйгээр зохион байгуулагдсан.
Тодруулбал, уг уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, шагналын сан болон үйл ажиллагааны зардлыг төр, тэр дундаа Соёлын яам бүрэн хариуцахаар болсон нь оролцогчид, мэргэжлийн хүрээнийхний хувьд өндөр хүлээлт үүсгэсэн юм. Гэвч бодит байдал дээр энэ хүлээлт биелсэнгүй. Уралдаан амжилттай зохион /2025.11.20-26/-ны хооронд зохион байгуулагдаж, шилдгүүд тодорсон ч өнөөдрийн хүртэл буюу бараг хагас жилийн дараа шагнал, урамшуулал олгогдоогүй хэвээр байна. Энэ нь зөвхөн оролцогчдын төдийгүй соёл, урлагийн салбарынхны дунд шүүмжлэл дагуулаад байна.
Хоёр ангилалд байр эзэлсэн зургаан хөгжимчинд нийт 42 сая төгрөгийн шагнал олгохоор байсан. Мөн шүүгч, концертмейстер, нарийн бичгийн даргаар ажилласан багш, мэргэжилтнүүдийн хөлсийг уралдаан дууссанаас хойш богино хугацаанд шийдвэрлэнэ гэж амласан байдаг. Гэвч дээрх бүх төлбөр өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа нь оролцогчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Оролцогчдын зүгээс холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч тодорхой, албан ёсны тайлбар аваагүй гэж мэдэгдсэн. Заримд нь “шийдэгдэнэ”, “хүлээж байна” гэх ерөнхий хариу өгсөн ч бодит ахиц гараагүй аж. Энэ нь төрийн ивээл дор зохион байгуулагдсан арга хэмжээний хувьд ил тод байдал, хариуцлагын асуудлыг хөндөж байгаа юм. Мэргэжлийн уран бүтээлчид уг асуудлыг зөвхөн шагнал мөнгө гэхээсээ илүү тэдний амжилтыг үнэлэхгүй, хий хоосон амлалтдаа төөрөгдүүлж нөгөөтээгүүр өгөх ёстой шагналыг өр төлбөр болгож хувиргасанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.

-ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОГДСОН Ч, ШАГНАЛТ БАЙР ЭЗЭЛСЭН ОРОЛЦОГЧДЫН ШАГНАЛЫН МӨНГИЙГ ОДООГ ХҮРТЭЛ ӨГӨӨГҮЙ-
Харин тухайн үеийн Соёлын сайд Ч.Ундрам уг асуудлын талаар “24 цаг” мэдээллийн сайтад мэдээлэл өгөхдөө “Миний хувьд салбарын сайдаар ажиллаж байхдаа тухайн тэмцээнийг урлагийн салбарын томоохон арга хэмжээ гэж үзээд төрөөс дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Сүүлд салбарын сайдын ажлаа өгөхөөсөө өмнө шагналын мөнгө болон, ажилчдын цалинг олгох ёстой гэж үзээд баталсан байгаа. Харин тухайн мөнгө сангийн яаман дээр очоод шийдэгдэхгүй удаад байгаа байх” гэсэн тайлбарыг өгсөн юм. Мэдээж цаг хугацаа, хөлс хүч, авьяас чадвараа зориулж оролцсон учир тэд заавал шагнал урамшууллаа авах ёстой.
Тиймээс Уралдааны Төгөлдөр хуурын ангиллын Тэргүүн байрын шагналт Ж.Ариунзаяа, Хоёрдугаар байрын шагналт А.Мандалноров, Гуравдугаар байрын шагналт Г.Мэргэншагай, Утсан хөгжмийн ангиллын Тэргүүн байрын шагналт Б.Билгүүн, Хоёрдугаар байрын шагналт О.Урангоо, Гуравдугаар байрын шагналт Э.Хулан нар /2026.04.22/-нд одоогийн ССАЖ-ЫН САЙД Ж.Алдаржавхланд дахин шаардлага хүргүүлжээ.

Уг уралдаанд ивээн тэтгэгчээр нэлээдгүй олон байгууллага оролцсон. Түүнчлэн зарим онцлог оролцогчдод ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагнал олгохоор байсан нь ямар ч асуудалгүй тухайн үед олгогдсон боловч төрөөс өгөх ёстой байр эзэлсэн шилдэг оролцогчдын шагнал одоог хүртэл олгогдоогүй байгаа нь манай улсын Засаг захиргаа, салбарын яам хэрхэн хариуцлагагүй байдгийг харуулж байгаа юм.