Багш,эмч, төрийн албан хаагчдыг "Хувьцаат орон сууц" төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид мэдээлэл хийлээ.
Хохирогчид “Миний бие 2021 оны есдүгээр сард "Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Монголын багш нарын шинэ зам зөвлөлдөх зөвлөл" ТББ-ын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүүний дарамтад оруулахгүй, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаасны хувьцааг бий болгож, сар болгон санхүүгийн дарамт үүсгэхгүй, орон сууцны үнийг боломжит доод хэмжээгээр 36 сарын дотор орон сууцад оруулах, 36 сарын дараагаас сар бүр 5 хувийг тооцож компанийн хувьцааг олгоно гэсэн "Хувьцаат орон сууц багш 5000" хөтөлбөрийн гэрээнд тусгасан байсан.Уг гэрээг уншиж танилцсанаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээ 2021 оны есдүгээр сард хийгдээд 2023 онд өөр гэрээ болж өөрчлөгдсөн. Хоёр дахь гэрээг хийсэн даруйдаа эхний гэрээг хурааж авсан. Одоо энэ гэрээтэй харилцагчид ховор”.
“Би 2020 оны есдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэл 54 сая төгрөгийг "Ногоон хөгжил" компанид өгсөн. "Ногоон хөгжил" компани рүү холбогдохоор хариуцах эзэн байхгүй. Сүхбаатар дүүргийн шүүхээс тус компанийн дансыг хаасан. Би өнөө маргаашгүй түрээсийн байрнаас хөөгдөх болоод байгаа учраас энэ хэвлэлийн бага хуралд оролцож байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийллээ.