Б.Цэвээндаш: Олон муу зуршилаа хаяж, ээжийгээ сэтгэл  амар байлгахын тулд энэхүү спорт луу зориг шулуудан орсон

Б.Цэвээндаш: Олон муу зуршилаа хаяж, ээжийгээ сэтгэл амар байлгахын тулд энэхүү спорт луу зориг шулуудан орсон

Улаанбаатар-Бээжин-Тяньжан чиглэлд нийт 1,418 км замыг туулан эх орондоо ирсэн Гавьяат тамирчин Б.Цэвээндаш улс дамнасан гүйлтийнхээ талаар өнөөдөр /2026.03.27/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр морин жилээ угтаад морин цагт Улаанбаатар хотын төв талбай дээрээс хөдөлсөн урт холын, гүйлтийн аялал маань амжилттай дуусаад эх орондоо ирсэндээ сэтгэл хангалуун байна. Мэдээж ганцаарчилсан гүйлт хэдий ч надтай хамт бүхэл бүтэн нэг баг хамт ажилсан. Мөн миний зорьж хийсэн энэхүү сайн үйлсийн гүйлтийг маань маш олон газрууд дэмжсэн, тэдгээр ивээн тэтгэгчдэдээ баярласнаа илэрхийлж байна. Анх 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Энэхүү спортоор хичээллэх болсон үндэс суурь хорт зуршлаасаа салж, ээжийгээ сэтгэл амар байлгая гэсэн бодол минь байсан. Зарим хүмүүсийн дунд машинд суугаад яваад байна, яг гүйсэн юм уу гэх эргэлзээ төрсөн байх. Зарим газарт сүлжээ тасрахаас эхлээд асуудал их гарсан л даа. Гэхдээ тухайн үеийнхээ нийтэлж чадаагүй бичлэг, мэдээ тайлангаа албан ёсоор тавина” хэмээлээ.