Эмийн санч “Ё” эмийн санд ажиллаж байхдаа эмчийн бичсэн жорын дагуу хүүхдийн тунгаар эм олгох байтал хайхрамжгүй хандан нярай хүүхдийн асран хамгаалагчид том хүний тунтай (100 мг)-тай эм олгосон. Тун хэтэрсэн эм хэрэглэсний улмаас нярай эмийн хордлогод орсон тул эмийн санч Ё-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгажээ.
Эмийн жорд “5 мг” гэж хүүхдийн тунгаар бичсэн байхад 100 мг савлагаатай эм олгож, эмийг нярайд өгсний дараа түүний амь насанд аюултай тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, эрүүл тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, тархины эмгэгшил үүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж үзсэн байна.
Нярайн асран хамгаалагч “Эм уулгаснаас хойш хүүхэд маань эвгүй дуугарч, амьсгалаа татаад, таталт өгсөн. Түргэн дуудаад эмнэлэгт очиход эмч нар буруу эм уулгасан байна эмийн хордлого болжээ гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. Харин буруу эм өгсөн эмийн санч “... эмийн 5 мг, 10 мг-тайг зэрэгцүүлээд тавьсан байдаг. Би жорын дагуу 5 мг эмийг олгохдоо том хүний 100 мг тунтайг нь андуураад аваад өгчихсөн байсан. Тухайн үедээ би энэ талаар мэдээгүй, хүүхдийн 5 мг тун эм гэдэгт итгэсэн байсан” гэжээ.
Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Эмийн санч Ё нь ...ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан байх тул тус компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ. Хохирогчоос нэхэмжилсэн мөнгийг төлсөн байх тул иргэний хариуцагчаас гаргуулах гэм хорын төлбөргүй гэж шүүх дүгнэсэн байна.