Бэлгийн хүчирхийлэгч байсан гэгдэж буй Жефри Эпштейний хэргийг АНУ-ын хууль зүйн яам хэрхэн шийдвэрлэж байгааг Конгрессын тусгай хороо шалгаж байгаа юм.
Энэ ажлынхаа хүрээнд Конгрессын гишүүд Эпштейн агсантай холбоотой байсан зарим гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа. Гуравдугаар сард тус хорооны дарга, Бүгд Найрамдах намын хууль тогтоогч Жэймс Комер технологийн тэрбумтан Билл Гэйтсийг сонсголд урьсны дагуу энэ долоо хоногт мэдүүлэг өгчээ.
Эпштейн, Гэйтс нар 2008 онд хэд хэдэн удаа уулзаж байсан нь баримтаар тогтоогдсон. Мөн энэ оны эхээр олон нийтэд ил болгосон Эпштейний хэргийн баримтууд дотор Гэйтсийн нүүрийг нь нуусан эмэгтэйтэй хамт авхуулсан гэрэл зураг гарч ирсэн юм. Гэйтс өмнө нь Эпштейнтэй зөвхөн буяны үйлстэй холбоотой асуудлаар уулзаж байсан, ингэж уулзсан нь алдаа байсныг хүлээж байв. \
Дараа нь энэ оны хоёрдугаар сард Гэйтс өөрийн буяны сангийн ажилтнуудтай уулзахдаа гэр бүлээс гадуур хоёр эмэгтэйтэй харилцаатай байсан, “үүнийхээ шийтгэлийг хангалттай хүртсэн” тухай ярьсан юм. Эпштейн 2008 онд бусдын биеийг үнэлүүлсэн гэмт хэргээр Флорида мужийн шүүхээс 13 сар шоронд хоригдох ял сонсож байсан. Гэйтс сая мэдүүлэхдээ Эпштейнтэй анх уулзахдаа түүнийг ямар гэмт хэрэгт холбогдож байсан талаар сайн мэдээгүй, мөн түүний гэмт хэргийн чанартай үйлдлийг огт харж байгаагүйг баталсан байна.
Харин Эпштейн өөрийнх нь гэр бүлээс гадуур харилцааны талаар олж авсан мэдээллээ айлган сүрдүүлэхэд ашиглаж байсныг Гэйтс мэдүүлжээ.
“Эпштейнтэй ямар ч холбоогүй миний эдгээр харилцаанууд гэр бүлд минь маш хүндээр туссан. Миний үнэнч бус байдлын талаарх мэдээллийг худал мэдээллээр баяжуулсан Эпштейн намайг өөртэйгөө хамтран ажиллуулахын тулд дарамтлахад ашигласан” гэж тэр хэлсэн байна. Жефри Эпштейн насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр 2019 онд шоронд хоригдож байхдаа амиа хорлосон юм. Хууль зүйн яамнаас ил болгосон баримтуудад улс төр, бизнес, банк санхүү, шинжлэх ухааны салбарын олон нэр нөлөө бүхий хүмүүс Эпштейнтэй харилцаж байсныг харуулсны дотор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп багтаж байсан.
Тэдний харилцаа 1990-ээд оноос 2000-аад оны үе хүртэл үргэлжилж байсан гэдэг.
Дөрөвдүгээр сард албан тушаалаасаа буусан АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бонди уг хэргийн шалгалттай холбоотой нэлээд шүүмжлүүлж байсан юм. Зарим нь түүнийг Трампын баримтуудыг нуун дарагдуулсан гэж буруутгаж байв.
Эх сурвалж: Reuters