Б.Энхбаярын "Туулын хурдны зам нуль хулгай" гэсэн мэдэгдэл, Х.Нямбаатарын "Хорт могой гүтгэж байна" гэснийг дэнслэх сонсгол Даваа гарагт болно

Б.Энхбаярын "Туулын хурдны зам нуль хулгай" гэсэн мэдэгдэл, Х.Нямбаатарын "Хорт могой гүтгэж байна" гэснийг дэнслэх сонсгол Даваа гарагт болно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хэлсэн байр суурь олон нийтийн анхаарлыг татлаа.

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА НЬ ЧИГЭЭРЭЭ НУЛЬ ГЭМТ ХЭРЭГ"

Тэрбээр “Том төслийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байна. Туулын хурдны зам төсөл дээр худалдан авах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгаж, Сангийн яамны дүгнэлт гарсан. Худалдан авах ажиллагаа нь чигээрээ нуль гэмт хэрэг. Засгийн газрын дүгнэлт гарчихсан” хэмээн мэдэгдсэн юм.

ВИДЕО:

Энэ мэдэгдлийн хариуг Хотын дарга асан Х.Нямбаатар ч тэр дор нь хийсэн. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Могой гарч ирэх болгондоо хүмүүс гүтгэж харлуулна, яллана. Одоо бүр Засгийн газар яллах тогтоол үйлддэг болох нь.Ичихгүй Туулын замаа гэмт хэрэг гэж байснаа энэ зундаа бариулж эхлүүлэх вий дээ. Бас махны гэмт хэрэг юу болов. Үнэ буусан уу хорт могой минь” гэж нийтэлжээ.

Туулын хурдны зам гэхгүй нийслэлийн мега төслүүдтэй холбоотой маргаан үргэлжилсээр байна. Хотын дарга асан Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалай 6.6 тэрбум төгрөг угаасан хэрэгт холбогдож, 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн Т.Даваадалайн дүү, метро төслийн захирал Т.Мөнхдалайг нотлох баримтыг устгаж, хуурамчаар үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо түүний эхнэр Б.Анхтуяаг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж магадгүй байна. Нөгөө талд АТГ, ТЕГ, ЦЕГ нарын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төсвийг шалгаж буй.

Мөн Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төсөв болон зарим төсөлтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан.

"УИХ-ААС НИЙСЛЭЛИЙН 2024-2025 ОНЫ ТӨСӨВ БОЛОН МЕГА ТӨСЛҮҮДЭЭР СОНСГОЛ ХИЙНЭ"

Тэгвэл энэ сарын 15, 16-нд буюу ирэх даваа, мягмар гарагт УИХ-аас нийслэлийн 2024-2025 оны төсөв болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар товложээ. Уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ажиллах юм. Сонсголд шаардлагатай материалыг нийслэлээс хүргүүлсэн бөгөөд шинжээчид холбогдох баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж байгаа аж.

Хяналтын сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийслэлийн 2024, 2025 оны төсвийн асуудлыг, хоёр дахь өдөр нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилт, санхүүжилт, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх төслүүдийн дунд Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг хамгийн өндөр төсөв яригдаж, олон нийтийн анхаарал татсан бүтээн байгуулалтууд багтаж байгаа юм. 

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар Сэлбэ дэд төвийн тендерт холбогдоод амжсан. Түүнийг АТГ-аас 48 цагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Албаныхны мэдээлснээр сонсголд нийслэлийн удирдлагууд, холбогдох төсөл хариуцсан албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон иргэд оролцох боломжтой аж.

"СОНСГОЛД ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР, ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ОРОЛЦОНО"

Нөгөө талд уг сонсголд хэн оролцох вэ гэдэг асуудал ч анхаарал татаж байна. Нийслэлийн зүгээс Хотын дарга асан Х.Нямбаатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцох төлөвтэй байна. Мөн "Хатан туулаа хамгаалья" хөдөлгөөний төлөөлөл оролцохоо мэдэгдээд байгаа юм. Сонсгол иргэдэд нээлттэй байх бөгөөд нийслэлийн төсөв, мега төслүүдтэй холбоотой маргаан, шалгалтын үр дүн, талуудын байр суурь энэ үеэр илүү тодорхой болох хүлээлт үүсээд байна.

Товчхондоо, ирэх даваа, мягмар гарагт болох УИХ-ын нээлттэй сонсголоор Х.Нямбаатарын зөв байсан уу, Б.Энхбаярын үнэн байсан уу гэдгийг харах л үлдлээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө