Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилдэг. Иймд шөнийн тарифын хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зогсоно.
Цахилгааны тарифын хөнгөлөлт орой 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагддаг билээ. Хөнгөлөлтөнд,
- Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
- Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
- Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагддаг.
Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.