Цахилгаан мотоцикл, скүүтер, мопед, унадаг дугуй дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн алба болон ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2025 онд цагдаагийн байгууллагад дугуй, мопед, скүүтер, цахилгаан мотоциклтой холбоотой нийт 420 ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс цахилгаан мопедтой холбоотой 191, суррон төрлийн тээврийн хэрэгслийн 164, цахилгаан скүүтерийн 65 осол гарсан байна. Эдгээр ослын улмаас 730 орчим хүн хөнгөн болон хүнд хэлбэрийн гэмтэл бэртэл авчээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр ослын улмаас гавал тархи, нуруу нугасны гэмтэл зонхилон бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ өндөр хүчин чадалтай, 100 км/ц хүртэл хурдлах боломжтой, 10-15 сая төгрөгийн үнэтэй цахилгаан мотоцикл авч өгч байгаа нь эрсдэл дагуулж байгааг албаныхан онцоллоо. Хүүхдүүд эдгээр хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.
Түүнчлэн 2025 онд суррон төрлийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр хүүхэд ослын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ скүүтерийн урд зогсоон тээвэрлэх тохиолдол их байдаг бөгөөд, ингэж яваад хүүхдээ гэмтээсэн 120 тохиолдол бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар 350 орчим хүүхэд эцэг, эхийнхээ зөвшөөрөлтэйгөөр цахилгаан мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь тогтоогджээ. Ялангуяа Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь их байгаа аж.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ цахилгаан мотоцикл авч өгөхгүй байхыг анхааруулж, цахилгаан скүүтер, дугуйн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 16 нас хүрээгүй иргэнд үйлчилгээ үзүүлэхгүй байх талаар эрх зүйн зохицуулалтыг мэдэгдлээр хүргүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын шаардлага хангасан 40 орчим цахилгаан мотоцикл бүхий “мото эргүүл”-ийг ажиллуулж, сургуулийн орчимд хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болжээ.
Цагдаагийн байгууллагаас “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд иргэдийг аюулгүй байдлаа хамгаалан хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай тогтмол хэрэглэх, хүүхдэдээ насанд нь тохироогүй тээврийн хэрэгсэл авч өгөхгүй байх, мөн замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг уриаллаа.
ВИДЕО: