Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж байна.
Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай юм. Тухайлбал, “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байна. “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн санхүүжилтийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн хөрөнгө оруулалт, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Үндсэн хэрэгжүүлэгчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байна. Энэхүү дулаалгын төслийг үр ашигтай, иргэнд ээлтэй байдлаар төлөвлөж, оршин суугчид хяналт тавин ажиллаж байгааг албаны хүмүүс онцолж байна.