Гамшгийн дуут дохиог 16.00 цагт орон даяар дуугаргана

Гамшгийн дуут дохиог 16.00 цагт орон даяар дуугаргана

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургууль зохион байгуулагдана. 

Нэгдэх дохио дуугарахад иргэн та “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.