Туулын хурдны зам барих ажил дууссаны дараа нөхөн сэргээлт хийнэ гэсэн ч Хотын даргын урагшгүй төслүүдийн хор уршиг “Дунд голын сураггүй одсон бургас"-наас эхлээд илхэн байна

Туулын хурдны зам барих ажил дууссаны дараа нөхөн сэргээлт хийнэ гэсэн ч Хотын даргын урагшгүй төслүүдийн хор уршиг “Дунд голын сураггүй одсон бургас"-наас эхлээд илхэн байна

Нийслэл хотын  түгжрэлийг бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлсэн. Энэ нь нийслэлд хэрэгжих 14 мега төслийн нэг бөгөөд уг төсөл хэрэгжиж дуусахад замын ачаалал 30 хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа. Гэвч бодит байдал дээр энэхүү бүтээн байгуулалт нь байгаль орчин, ил тод байдал, хариуцлагын асуудлыг хөндөхөд хүргэлээ.

Анх нийслэлийн захиргааны зүгээс уг төслийг хэрэгжүүлэхдээ мод, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлнэ, нэг ч мод тайрч байгальд сөрөг нөлөө үүсгэхгүй гэж мэдэгдэж байв. Гэвч  өнгөрсөн долоо хоногоос эхлэн Туул гол дагуух 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг тайрч эхэлснийг манай сурвалжлах баг та бүхэнд мэдээлсэн. Иргэд олон нийтийн дунд хотын түгжрэлийг бууруулахад Туулын хурдны зам дорвитой нөлөөгүй харин ч түгжрэл бууруулах нэрийн дор байгаль орчин сүйтгэж байна гэх хэлцэл өрнөөд буй.  Хамгийн гол нь эдгээр тайрч үрээсэн улиас, бургасаа хаана аваачих, үүрэг оройлийг нь хэрхэн нөхөх, чухам хэзээ, яаж нөхөн сэргээлт хийх вэ гэх асуудал. Магадгүй 2024 онд үерийн далан барина гэх нэрийн дор сугалж, үрээгээд алга болсон хэдэн зуун бургасны хойноос одохыг ч үгүйсгэх аргагүй.  

-“ХАР УСАН ТОХОЙ”-Д НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ ДУНД ГОЛЫН БУРГАС ХААЧИВ-

Тэгвэл тэр хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэх Дунд голын бургасны талаарх асуудлыг дахин сөхье. 2024 он хур бороо ихээр орж, нийслэл орчим үерийн эрсдэлд автаад байсан үе. Тиймээс Хотын дарга Х. Нямбаатар тэргүүтний санаачилгаар Улаанбаатар хотод байрлах цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг болох Дунд голын бургасыг  далан барих нэрийн дор механикаар тастаж, тайрах үйл явц тус оны зургаадугаар сарын дундуур эхэлсэн байдаг. Тухайн үеийн Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор  ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна”  гэсэн нь тодхон санагдана.

Гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна гэсэн ч одоог хүртэл  нэг ч  мод "Хар усан тохойд" шилжүүлж суулгаагүйг иргэд хэлж байгаа юм.

Уг Дунд голын үерийн усны хамгаалалтын далан барих ажлыг ”Билгүүн Монгол констракшн” компани 20 тэрбумын санхүүжилтээр гүйцэтгэж байсан. Мөн Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024-2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөвт өртөг 20.5 тэрбум төгрөг, гэрээний үнийн дүн 19.5 тэрбум төгрөг байсан гэх албан мэдээлэл бий. Гэтэл Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж одоог хүртэл бүрэн гүйцэт дуусаагүй байгаа нь хачирхалтай. Харин нөгөө Хар усан тохой руу шилжүүлж байна гэсэн бургаснууд ор сураггүй алга болжээ. Тухайн үед тайрч хядсан бургасаа нүүлгэн шилжүүлэхдээ есөн тэрбум төгрөг төсөвлөсөн гэх албан бус мэдээлэл ч бий. Гэсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэх нь бүү хэл хаана аваачиж хаясан нь  мэдэгдэхгүй хэвээр байна.

-“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙН ЗҮГЭЭС УГ АЖИЛ ДУУССАНЫ ДАРАА 43.2 ГА ТАЛБАЙД 1.5 ТЭРБУМЫН ӨРТӨГ БҮХИЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙНЭ ГЭЖ МЭДЭГДЭЭД БУЙ-

Тэгвэл  саяхнаас ажил нь эхэлсэн 33 км урттай “Туулын хурдны зам”-ын төсөлд 2.3 их наяд төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал, нэг км замыг барих төсөвт өртөг дунджаар 70 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгт бүртгэлтэй “Hongkong Haoyuan Industrial and Trade Co., Limited” буюу “Хаоюань групп” шалгарсан. Компанийн нээлттэй мэдээллээс харахад Хонгконгт бүртгэлтэй, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ган төмөрлөг, машин механизм, хуванцар бүтээгдэхүүн зэрэг барааны импорт, экспортын чиглэлээр Вьетнам, Колумби, Эквадор зэрэг улсуудтай худалдаа хийж байсан туршлагатай аж. Харин  тус компани авто зам, тэр дундаа олон улсын хэмжээний хурдны замын томоохон төсөл хэрэгжүүлэх хэмжээний туршлагатай эсэх нь  тодорхой бус байна. Тэгвэл энэ их хөрөнгийг зарцуулан байж бий болох “Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн амьдрах орчин, байгаль, экосистемд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг авч үзье. Туул гол нь Улаанбаатар хотын ундны усны хангамжтай шууд бөгөөд амин чухал хамааралтай. Гэхдээ хотын иргэд Туул голын гадаргын усыг шууд уудаггүй, харин түүний хөндий дагуух гүний (газрын доорх) усыг ашигладаг. 

Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамж нь Туул голын сав газрын дагуух “аллювийн тунадас” буюу сэвсгэр хурдсанд байрлах гүний усны томоохон ордуудаас усаа татдаг бол нийслэлийн  усны хэрэгцээг хангах 170 гаруй гүний худаг Туул голын хөндийд байрладаг байна. Судалгаагаар Улаанбаатар хот орчмын газар доорх усны нөөцийн 58-85 хувь нь Туул голын уснаас тэжээгддэг болох нь тогтоогдсон.


Өөрөөр хэлбэл бидний ундандаа хэрэглэдэг гүний усны ихэнх хувийг Туул гол бий болгодог байна. Харин Туул гол бохирдвол түүгээр тэжээгдэж буй гүний ус бохирдох өндөр эрсдэлтэй. Цаашлаад нийслэлийн иргэд ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж болзошгүй юм.  Харин Туул гол бохирдолгүй байж хэвийн урсахад “Туулын хурдны зам” төслийн хүрээнд тайрч үрээгээд буй тэр олон улиас, бургас мод нь чухал үүрэгтэй ажээ. Тэгвэл төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уг ажил дууссаны дараа 43.2 га талбайд 1.5 тэрбумын өртөг бүхий нөхөн сэргээлт хийнэ гэж мэдэгдээд буй. Гэсэн хэдий ч Хотын даргын урагшгүй төслүүдийн хор уршиг “Дунд голын сураггүй одсон бургас"-наас эхлээд илхэн” байхад иргэд бид итгэхэд бэрх биз ээ.

 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө