Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан өнөөдөр /2026.03.10/ үргэлжлүүлж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.
Хөгжлийн банкны гэх хэргээр шүүгдэгч буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэж байсан бол Улсын дээд шүүх дээрх шүүхүүд нь "Хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан" хэмээн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байв. Гэсэн ч анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд мөн Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг прокуророос эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт санаа үйлдлээрээ нэгдэж, бусдад давуу байдал олгосон хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн "Н.Алтанхуяг нарын хэргийг удаа дараа цагаатгаж шийдвэрлэсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон шүүгч нартай холбоотой байж болзошгүй" гэх хардлага бий.
Харин энэ удаад хэргийг давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэх нь өдгөө олны анхаарлыг татаж байна. Тиймээс бид Н.Алтанхуяг буруугүй буруутан уу эсвэл буруутай ч буруугүй нь болж үлдэх үү гэдэг асуултын хариултыг эрж, Улсын яллагч ямар үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандав гэдэг асуудлыг хөндлөө.
"Говийн зам" болон "Энержи ресурс" компанид давуу байдал олгосон гэх Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт санаа үйлдлээрээ нэгдэж, Засгийн газрын тухай хууль, мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын хуралдааны журмыг зөрчих замаар буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 6, мөн зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Аливаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ, бэлтгэл хангах үе шат, танилцуулах процесс, дарааллыг журамласан дээрх зохицуулалт, мөн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 5.1-4, 6.1 зэрэг эдгээр заалтуудыг зөрчиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авах тухай Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоол гарах, үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж, “Говийн зам” ХХК, “Энержи ресурс” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутгасан байдаг.
-"ГОВИЙН ЗАМ"-ЫН БАРЬСАН АВТО ЗАМЫГ ТӨРД АВАХЫН ТУЛД Н.АЛТАНХУЯГ ЗГ-ЫН ХУРАЛДААНЫГ ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН ЯВУУЛЖ БАЙЖЭЭ-
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоохгүй байна хэмээн дараах үндэслэлийг дурдсан байна.
Нэгдүгээрт, шүүгдэгч нар нь прокуророос тэднийг буруутгасан журмын зохицуулалтыг зөрчөөгүй талаарх холбогдогч оролцогч буюу шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, гомдол хэрэгт цугларсан байна. Тиймээс хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл байна гэж дүгнэжээ. Ингэхдээ холбогдох гэрч гэдэг нь хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүй, аливаа хэм хэмжээний зөрчлийг хууль хэрэглээний байдлаар тайлбарлаж, тухайн хэмжээний зөрчигдсөн эсэх дээр дүгнэлт хийх ёстой байтал гэрчийн мэдүүлгээр хэм хэмжээ нь зөрчөөгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.
Дээрх дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүхээс Засгийн газрын хуралдааны журамд заасан ердийн болон яаралтай журмаар асуудлыг хэлэлцэх горимын зааг ялгааг бүх талаас нь бүрэн бодитой дүгнээгүй гэж Улсын яллагч нар үзсэн байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны гуравдугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ”Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд “Хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах процессыг нарийвчлан зохицуулахын зэрэгцээ яаралтай болон ердийн горимоор хэлэлцэхэд ямар ялгаа заагтай байхыг нарийвчлан зохицуулсан байдаг аж.
Тодруулбал, тус журмын 9.4 дэх хуралдаанаар улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц газар хөтлөлт, хүчтэй салхи шуурга, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, террорист халдлага, хүн малын гоц халдварт өвчин гарсан эсвэл улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын тодорхой зохицуулалтыг мөрдөхгүй байж болно гэж заасан.
Гэхдээ тус журмын 7.8-д асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байгаа тохиолдолд ямар журмаар явагдах вэ гэдгийг тусдаа зохицуулагдсан байна. Тухайлбал, журмын 7 дугаар зүйлийн 7.8-д “Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна” хэмээн маш тодорхой заажээ.
Өөрөөр хэлбэл, яаралтай горимоор хэлэлцэх тохиолдол ч заавал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр үүдэж болох нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа, шийдвэрийн төсөлд холбогдох бусад материалыг урьдчилан танилцуулахаар журамласан байна.
Хэрэгт явагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, шүүгдэгч Н.Батбаяр нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар гаргах шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүдэд ямар нэгэн байдлаар урьдчилан танилцуулаагүй, мөн эдийн засгийн тооцоо судалгааг огт хийгээгүй, холбогдох яамны саналыг аваагүй, мөн яаралтай горимоор хэлэлцүүлэх журам мөрдөгдөөгүй буюу Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилсан танилцуулаагүй, шууд хуралдааны явцад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг танилцуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн холбогдох тэмдэглэл болон бусад баримтуудаас үзэхэд, Засгийн газрын бусад гишүүдийн зүгээс Засгийн газрын хуралдааны журам зөрчигдөж байгаа талаар санал хэлсээр байтал хуралдааныг даргалж байсан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, шүүгдэгч Н.Алтанхуяг нь хуралдааныг хүч түрэмгийлэн үргэлжлүүлсэн үйлдэл баримт тогтоогдсон байдаг аж.
Гэтэл анхан шатны шүүхээр журмын заалтыг зөрчсөн шүүгдэгч нарын тодорхой үйлдлийг хэрхэн зөвтгөж байгаа нь ойлгомжгүй, холбогдох гэрч нарын мэдүүлгээр журмын зохицуулалт зөрчигдөөгүй болох нь нотлогдсон гэх бүрхэг дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үндэслэлгүй дүгнэлт болсон гэж Улсын яллагч нар үзжээ.
-"ДЭД БҮТЭЦ БОЛОН АВТО ЗАМЫГ ТӨРД АВАХ АСУУДАЛ НЬ ЯАРАЛТАЙ ЖУРАМД ЗААСНААР НЭН ЯАРАЛТАЙГААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ҮҮСЭН БАЙСАН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙНА"-
Мөн шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын мэдүүлэг, тайлбар, гомдолд тухайн асуудлыг яаралтай горимоор явуулах үндэслэл, шаардлага үүссэн байдаг гэдэг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайн асуудал нь тогтоол гарах цаг хугацаанд гэнэт бий болж, үүссэн нөхцөл огтоос биш хоёр жилийн өмнөөс тухайн баригдсан шинэ дэд бүтцээр нүүрсний тээвэр хийгддэггүй, шороон замаар тээвэрлэж, байгаль орчинд хохирол учруулдаг талаарх асуудал үүсээд хоёр жил болсон байсан. Мөн “Нүүрсний үнэ дэлхий зах зээл дээр гэнэтийн уналт хийсэн тул яаралтай горимоор хэлэлцүүлсэн гэж тайлбарладаг боловч нүүрсний үнийн уналт 2012 оны дунд үеэс эхэлж тогтворжсон байсан цаг хугацаанд Засгийн газрын дээрх шийдвэр гарсан болох нь Үндэсний статистикийн хорооны холбогдох баримтуудаас харагддаг байна.
Товчхондоо, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дэд бүтэц болон авто замыг төрийн өмчит худалдан авах асуудал нь яаралтай журамд зааснаар нэн яаралтайгаар хэлэлцэх асуудал үүсэн байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзжээ.
-"Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАР “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ГОВИЙН ЗАМ”-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ЗГ-ЫН 299 ДҮГЭЭР ТОГТООЛ ГАРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН"-
Мөн анхан шатны шүүхээс дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болохдоо “Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоол бол улс төрийн шийдвэр бөгөөд үүнийг эрүүгийн хэргийн шүүхийн журмаар шийдвэрлэх хууль зүйн боломж хязгаарлагдмал байна. Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газрын шийдвэрийг утга агуулгаар нь хянаж, хууль бус эсэхийг дүгнэх боломжийг хуулиар олгоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг байна.
Улсын яллагч нарын хувьд Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар шүүхэд хандаагүй. Харин эрх бүхий нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Энержи ресурс”, “Говийн зам” зэрэг хуулийн этгээдүүдэд давуу байдал олгосон дээрх 299 дүгээр тогтоол гарах нөхцөлийг бүрдүүлсэн буюу Засгийн газрын үйл ажиллагааны явцад мөрдөгдөх ёстой байсан хууль тогтоомжийг зөрчсөн нь дээрх хуулийн этгээдүүдэд давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, тухайн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэдгийг Улсын яллагч тодотгосон байна.
-"Н.АЛТАНХУЯГИЙН ХЭРГИЙГ ЦАГААТГАСАН НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙНА" ГЭЖ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ҮЗСЭН Ч АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИЖИЛ АГУУЛГАТАЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаартай тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх агуулга бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй талаар дурдсан байхад дахин ижил агуулга бүхий үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзжээ.
-ЗГ-ЫН ТОГТООЛ ГАРСНААР "ГОВИЙН ЗАМ" САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН ГЭЖ УЛСЫН ЯЛЛАГЧ ҮЗЖЭЭ-
Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас "Говийн зам", "Энержи ресурс" компанид давуу байдал буюу эдийн ашигтай байдал бий болсон талаар талуудын хооронд маргаан өрнөсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол батлагдсанаараа эдийн засгийн хувьд дээрх хоёр хуулийн этгээдэд ашигтай байдал бий болсон уу, үгүй юу гэдэг дээр талууд мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй буюу ашигтай байдал бий болсон эсэх талаар талуудын маргасан асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна. Холбогдох санхүүгийн баримтуудаас үзэхэд, тус зам нь 2011 онд ашиглалтад орсон. Улмаар 2013 оны хооронд нийт замын хураамжийн орлогоос 74.7 тэрбум төгрөгийн орлого олсон бол тухайн зам засвар арчилгаа, үйлчилгээ болон ерөнхий удирдлагын зардалд 58.3 тэрбум төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд зам хураамжийн орлогоос цэврээр 16 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон байгаа юм.
Концессын гэрээний дагуу тухайн “Говийн зам” компани 10 жилийн хугацаанд замыг ашиглах байдлаар гарсан зардлаа нөхөн олоод, төрд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан байсан байна. Эхний хоёр жилд олсон ашгаас үзэхэд жил дунджаар 8 тэрбум төгрөгийн ашиг олж байсан байна.
Концессын гэрээний дагуу 10 жил ашигласан бол энгийн тооцооллоор үзэхэд замын дэд бүтцийг барихдаа гаргасан зардлаа нөхөх боломжгүй нөхцөл байдал тухайн үед үүссэн байсан аж.
Гэтэл концессын гэрээгээр 10 жилийн дараа төрд шилжүүлэх байсан замын төрд шууд худалдан авах Засгийн газрын тогтоол гарснаар тухайн компанид үүссэн байсан санхүүгийн хүндрэлээс гарах нөхцөлийг бүрдүүлж, тухайн компанид эдийн ашигтай байдал буюу давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж Улсын яллагч нар үзжээ. Тиймээс дээрх үндэслэлээр шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, улсын яллагч нар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ.
Эцэст нь өгүүлэхэд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2026.03.10/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг "Буруугүй буруутан" уу эсвэл "Буруутай буруугүй нь уу" гэдэгт хариулт өгөх юм. Тиймээс бид уг хэргийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.