Монгол Улсад жил бүр 4–5 мянган гэр бүл салж байна. Нийгэм, эдийн засгийн дарамт нэмэгдэхийн хэрээр гэр бүлийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс олширч буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтийн санал авч эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гэр бүлийн харилцааг хуулиар зохицуулж ирсэн төрийн бодлого цаашид дэмжих, хамгаалах чиглэлд илүү төвлөрөх юм. Нийт 6 бүлэг, 32 зүйлтэй уг төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдал, сайн сайхан амьдралыг дэмжих олон талт зохицуулалт бий болно гэж хуулийг санаачлагчид тайлбарлаж байна.
" ГУРАВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ҮЗҮҮЛНЭ"
Өдгөө залуу гэр бүлүүдийн хувьд анхан шатны суурь хэрэгцээ болсон орон сууцтай болно гэдэг бараг л бүтэшгүй мөрөөдөл болжээ. Учир нь орон сууцны урьдчилгаа 30–40 хувийг бүрдүүлэх, үүний дараа ипотекийн зээлийн дараалалд 1–2 жил хүлээх шаардлага тулгардаг. Тэгвэл дээрх хуулийн төсөлд орон сууцны дэмжлэгийн асуудлыг тусад нь нарийвчлан тусгажээ.
Тухайлбал, “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн 7.1.1-д анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж буй зорилтот бүлгийн жагсаалтад орсон залуу гэр бүл, эсвэл гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэгийг нэн тэргүүнд үзүүлнэ гэж тусгасан байна.
Мөн 7.1.2-т Үндэсний баялгийн сангийн хуримтлалын дансны мөнгөн хөрөнгө орон сууцны төлбөрийн таван хувьд хүрсэн тохиолдолд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах боломжтой гэж тусгажээ.
Ингэснээр залуу гэр бүлүүдийн “шүдний өвчин” болсон орон сууцны урьдчилгаа болон ипотекийн зээлийн асуудалд тодорхой дэмжлэг болно гэж үзэж байна. Цаашлаад хуулийн төслийн 7.1.3-т гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг түрээсийн орон сууцанд нэн тэргүүнд хамруулах боломжоор хангана гэж тусгасан юм.
"ГУРАВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙН АЛЬ НЭГНИЙХ НЬ ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ОРЛОГЫГ ТАТВАРААС БҮРЭН ЧӨЛӨӨЛНӨ"
Өдрөөс өдөрт нэмэгдэж буй инфляцийн нөлөөгөөр хэдхэн жилийн өмнө энгийн хэрэглээ байсан жимс, жимсгэнэ, нарийн ногоо өдгөө тансаг хэрэглээтэй дүйцэх хэмжээнд хүрээд буй. Эхнэр, нөхөр хоёр хамтдаа хөдөлмөрлөсөн ч үнийн өсөлтийн өмнө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амьдарч байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Үүний нэг шалтгаан нь өндөр татвар, хураамж юм. Тэгвэл уг хуулийн төсөлд хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын бодлогын шинэ зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, хуулийн төслийн 8.1.1-д гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гэрлэгчдийн аль нэгнийх нь, эсвэл тухайн гэр бүлийн нэг гишүүний цалин, хөдөлмөрийн орлогыг татвараас бүрэн чөлөөлөх боломжийг тусгасан байна.
Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан тохиолдолд төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгох зохицуулалт багтжээ.
Харин хуулийн төслийн 8.1.3-т гэр хорооллын айл өрх байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан гурван сая төгрөг хүртэлх зардлыг татвараас хөнгөлөх боломжийг тусгасан байна.
"БАЙГУУЛЛАГУУД ХҮҮХДИЙН ӨРӨӨТЭЙ БОЛНО"
Жилийн 31 өдөртэй тэнцэх хэмжээний цаг хугацааг түгжрэлд зарцуулдаг иргэдийн хувьд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах нь томоохон бэрхшээл болдог. Ялангуяа хүүхдээ харах хүнгүй залуу гэр бүлүүдийн хувьд энэ нь хамгийн том асуудлын нэг юм. Тэгвэл эл хуулийн төсөлд ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах зорилготой хэд хэдэн заалтыг тусгажээ. Тухайлбал, хуулийн төслийн 9.1.1-д сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж буй хүүхэдтэй ажилтанд хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авахад зориулж ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын цагийг хоёр хүртэлх цагаар богиносгоно гэж заасан байна.
Цаашлаад байгууллага ажилтны тоо болон хүсэлтийг үндэслэн байгууллагын дэргэд цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, мөн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн өрөөтэй байх боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ.
Мөн хуулийн төсөлд гэр бүлийн аль нэг гишүүн согтуурах, мансуурах дон, эсвэл дэлгэцийн донтолттой бол шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх талаар тусгасан байна. Түүнчлэн “Гэр бүлийн өдөр” тохиох долоо хоногийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зохицуулалтыг багтаажээ. Энэ нь эрүүл, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөтэй гэж хууль боловсруулагчид үзэж байна.
"ХҮҮХЭД АСАРСНЫ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ЗУРГААН САРААР БӨӨНӨӨР НЬ НЭГ УДАА АВАХ БОЛОМЖТОЙ"
Өдгөө “цалинтай ээж” хэмээх тодотголтой 50 мянган төгрөг сайн чанарын ганц живхний мөнгөнд ч хүрэхгүй байгаа талаар олон нийт шүүмжилсээр буй. Тэгвэл уг хуулийн төсөлд эдгээр мөнгөн тэтгэмжийн асуудлыг ч мөн тусгажээ. Тухайлбал, цалинтай ээжийн 50 мянган төгрөг буюу хүүхэд асарсны мөнгөн тэтгэмжийг зургаан сараар бөөнөөр нь нэг удаа авах боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд асарсны зургаан сарын тэтгэмж болох 300 мянган төгрөгийг нэг удаа авч, үлдсэн хугацаанд сар бүр авах боломжтой болох юм.
Тодруулбал, хуулийн төслийн 17.2-т “Энэ хуулийн 17.1-д заасан мөнгөн дэмжлэгийг эх, эсхүл эцэг хүсэлт гаргаснаар хүүхдээ төрүүлсэн болон үрчилж авсны дараа эхний зургаан сарын мөнгөн дэмжлэгийг нэг удаа бөөнөөр, долоо дахь сараас эхлэн үлдсэн 18 сарын хугацаанд сар бүр авч болно” гэж заасан байна.Цаашлаад хуулийн төсөлд ихэр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг ч мөн тусгажээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар ихэр хүүхэд тус бүрт нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгохоор заасан байдаг ч иргэд мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан хамрагдаж амжаагүй тохиолдол гардаг.
Тэгвэл хуулийн төслийн 18.1-д “Ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн дэмжлэг олгох бөгөөд уг дэмжлэгийг авах эрх нь хүүхэд төрснөөс хойш дөрвөн нас хүртэл хүчинтэй байна” гэж тусгасан байна. Ингэснээр ихэр хүүхэд дөрвөн нас хүртэлх хугацаанд нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авах боломж бүрдэх юм.
Мөн нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн жилүүдэд “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, “хүүхэд хамгаалах жил” зэрэг тодорхой сэдвийг онцлон зарлаж ирсэн. Гэвч бодлого, уриа нь бодит үр дүнд хэр хүрч байгаа вэ гэдэг асуулт олон нийтийн дунд байсаар ирсэн. Тиймээс “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа улам боловсронгуй болж, бодит амьдралд хэрэгждэг, гэр бүлийг жинхэнэ утгаар нь дэмжсэн хууль болоосой гэсэн хүлээлт байна. Нөгөө талдаа манай улсад халамжийн бодлого бодит хэрэгцээтэй хүмүүстээ тэр бүр хүрдэггүй гэх шүүмжлэл ч бий. Иймээс уг хуулийн төсөлд тусгасан дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал нь үнэхээр хэрэгцээтэй гэр бүлүүддээ хүрч чадвал гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.