Комедиан М.Баяржаргал: Анх хүчээр шахуу гүрвэл тэжээсэн ч тэд маань одоо надад "хөөрхөн" харагддаг болсон

Комедиан М.Баяржаргал: Анх хүчээр шахуу гүрвэл тэжээсэн ч тэд маань одоо надад "хөөрхөн" харагддаг болсон

"UB Comedy Club"-ийн комедиан М.Баяржаргалыг "Social ID" буландаа онцолж байна. Багаасаа амьтанд хайртай байсан тэрбээр өдгөө хоёр гүрвэл тэжээж, тэдэндээ хэдийнэ хайртай болжээ. Анх найз нь гүрвэл бэлэглэхэд нь жаахан эмээж, хэрхэн тэжээх вэ гэсэн бодол төрж байсан гэдгийг тэрбээр нуугаагүй юм. Мөн  комедиан М.Баяржаргалын гүрвэлүүд нь түүний амьдралын нэг хэсэг болж, бүр гэр рүүгээ яарах нэгэн шалтгаан нь болсон гэдгийг тэрбээр ярианыхаа үеэр онцолж байлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

ВИДЕО: 

-Таныг манай уншигчид "UB Comedy Club"-ийн комедиан М.Баяржаргал гэдгээр нь андахгүй. Харин таны хайртай амьтдынх нь талаар төдийлөн мэдэхгүй. Тиймээс ярианыхаа эхэнд хэрхэн, яагаад гүрвэл тэжээх болов гэдгийг та сонирхуулж яриач?

-Би багаасаа л амьтаны ертөнц их үздэг хүүхэд байсан. Бас үлэг гүрвэлд их дуртай, баримлын шавраар тоглохдоо дандаа үлэг гүрвэл хийж тоглодог хүүхэд байсан. Тэр ч утгаараа олон амьтан тэжээж үзсэн. Одоо хоёр гүрвэл, нэг муур тэжээж байна. Гүрвэлүүдийнхээ тухай ярихад анх өөрөө гүрвэл худалдаж аваад тэжээе гэж бодсон ч зориг хүрээгүй. Амьтан тэжээнэ гэдэг чинь их хариуцлага шүү дээ. Харин найз маань бэлгэнд өгөөд хүчээр ч гэх юм уу, хувь тавьлангаар ч гэх юм уу хоёр гүрвэлтэй болсон. Тэр хоёрыгоо тэжээгээд, түүндээ хоббироод явж байна.

-Гүрвэлүүддээ нэр өгсөн үү?

-Одоохондоо нэр өгч амжаагүй л байна. Манай муурыг Токи гэдэг болохоор адилхан хотын нэр өгчихдөг юм уу гэж бодож байсан. Берлин, Лондон гэдэг ч юм уу. 

-Таны тэжээдэг гүрвэлийн онцлог юу вэ?

-Ерөнхий нэрийг нь Монголоор тайлбарлавал "Сормууст гүрвэл" гэж ярьдаг. Бусад гүрвэлээс онцлог зүйл нь  арай царайлаг, дөлгөөхөн тайван зантай, махан хоол иддэггүй.

-Анх удаа гүрвэл тэжээж байгаа болохоор мэдэхгүй, туршлага дутах асуудал гарч л байгаа байх. Та ер нь гүрвэлийнхээ амьдрах орчныг хэрхэн бүрдүүлэв?

-Тийм ээ. Дээшээ их авирдаг, алга нь юманд наалддаг амьтан болохоор амьдрах орчныг нь тохижуулахдаа босоо террариумтай, энд тэндээ олон саадтай байхаар шийдэж өгсөн. Гол нь бас надад террариумаа тохижуулахад их сонирхолтой санагдаж байгаа. Өөрөө экосистем бүрдүүлж байгаа гэж бодохоор их таатай мэдрэмж төрүүлдэг.

-Гүрвэл тэжээх нь бусад тэжээвэр амьтдаас юугаараа ялгаатай байдаг юм бэ?

-Биеийнх нь хөдөлгөөн хязгаартай болохоор янз бүрийн хөдөлгөөн, дуу авиа төдийлөн гаргаад байдаггүй. Гэхдээ заримдаа хоолондоо цадасны дараа нэмж хоол өгөхөөр толгойгоо хоёр тийш нь сэгсрэх зэрэг үйлдэл гаргадаг. Бусад тэжээвэр амьтад хүнд илүү ханьтай байдаг бол гүрвэлд тийм зүйл байдаггүй. Хамгийн гол нь би өөрөө гүрвэлтэй байна гэж бодох нь сайхан байдаг. Мөн тэр хоёр амьтныг амьдрах хугацаанд нь таатай сайхан амьдруулъя гэсэн хүсэл дээр л тэжээж байгаа. 

-Гүрвэлийн насыг хэрхэн тодорхойлдог юм бол. Таны гүрвэлүүд нь ойролцоогоор хэдэн настай вэ?

-Гүрвэлийн нас, хүйсийг нь бага байхад тодорхойлох боломжгүй байдаг. Биеийн нь хувьд одоогоор сөөм хавьцаа урттай байгаа. Харин яваандаа 15-20 см урттай болтлоо томордог гэсэн. Ер нь амьтан тэжээснээр хүнд хариуцлага, цаашлаад гэр рүүгээ яарах шалтгаан нэмэгддэг юм шиг санагддаг болсон.

-Тэд таныг эзнээ гээд таньдаг болов уу?

-Танихгүй байх аа. Гүрвэл тухайн орчиндоо л нам гүм байхыг хүсдэг амьтан юм шиг байгаа юм. Дандаа нэг шилний цаана байгаа шүү дээ, хооллохдоо л хаалгыг нь онгойлгодог. Тиймээс намайг эзэн нь гэж мэдэхгүй байх л даа.

-Та гүрвэлнүүдээ юугаар хооллодог вэ?

-Дан ганц жимсээр хооллоод байж болохгүй юм байна лээ. Эд нар чинь байгалийн амьтад болохоор байгалийн шалгарлаараа шавж идэх шаардлага байдаг. Уг нь аав бид хоёр чийгийн улаан хорхой өгч үзсэн, идэхгүй байна лээ. Харин сибирийн хорхой байдаг даа, тэрийг сайн идэж байсан. Гэхдээ их өгч болохгүй юм байна гэж ойлгосон.

-НАДАД МАТАР АВАХ УУ ГЭСЭН САНАЛ ИРЖ БАЙСАН Ч ТУРШЛАГАТАЙ БОЛООД  ТЭЖЭЭЕ ГЭЭД ТАТГАЛЗСАН-

-Могой, гүрвэл зэрэг мөлхөө амьтдыг гууждаг гэж ярьдаг шүү дээ. Таны гүрвэлүүд гуужих зэргээр сонирхолтой зүйл ажиглагдаж байх юм уу?

-Заримдаа би ажиглах гээд террариумд нь ус цацахгүй байх тохиолдолд арьс нь бага багаар гууждаг. Тэгж байж л өсдөг юм болов уу гэж бодсон. Ер нь амьтан тэжээсний үндсэн дээр маш олон танин мэдэхүйн мэдлэгтэй болдог юм байна лээ.

-Цаашдаа өөр амьтан тэжээх бодол бий болов уу?

-Надад матар авах уу гэсэн санал ирж байсан ч татгалзаж байсан. Гэхдээ тусдаа гараад, илүү туршлагатай болсныхоо дараа тэжээнэ гэж боддог. Мөн сармагчин, илбэнх гээд амьтад тэжээж үзмээр санагддаг.

-Уучлаарай таныг өөрийгөө нэг амьтантай зүйрлэ гэвэл. Та ямар амьтантай зүйрлэх вэ?

-Би өөрийгөө нохойтой л зүйрлэнэ дээ. Яагаад гэвэл нохой хүний үнэнч анд нөхөр байж чаддаг. Мөн юм сурахдаа хурдан, ямар ч орчинд дасан зохицож чаддаг болохоор би өөрийгөө нохойтой л зүйрлэх байх. 

-Амьтан тэжээх талаар бусад хүмүүст юу гэж хэлмээр байна?

-Амьтан тэжээнэ гэдэг маш том үүрэг хариуцлага. Өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж, халамжлах хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш хэн нэгний зугаа гаргах хэрэгсэл ерөөсөө биш. Бүх л амьтад өөрсдийн гэсэн амьдралын зорилготой, өвдөлт мэдэрдэг шүү гэдгийг л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Ану




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө