Маргааш буюу энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас,цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +4...+6 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.