Афганистаны ерөнхийлөгчийн ордонд олон арван хүнээс коронавирус илэрчээ

Афганистаны ерөнхийлөгчийн ордонд олон арван хүнээс коронавирус илэрчээ

Афганистаны ерөнхийлөгчийн ордонд халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн гэж бямба гарагт мэдээлж байсан бол “New York Times” сонинд ням гарагт мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тоо 40 болж нэмэгджээ.  

Афганистаны Засгийн газрын зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Өдгөө 70 настай А.Гани 1990-ээд оны үед хорт хавдрын улмаас ходоодны хагалгаанд орж байжээ.

“Ерөнхийлөгчийн ордонд 20 орчим хүн “COVID-19”-өөр халдварласан. Гэсэн хэдий ч хүмүүсийг сандаргахгүйн тулд нууцалж байна” гэж Засгийн газрын нэгэн төлөөлөгч “AFP” агентлагт бямба гарагт мэдээлсэн байна.

Афганистанд 933 хүн халдвар авч, 33 хүн нас барсан гэж тус улсын Засгийн газраас бямба гарагт мэдээлжээ. Эдгээр тоон үзүүлэлт харьцангуй бага байгаа хэдий ч олон арван жилийн мөргөлдөөнд эрүүл мэндийн тогтолцоо нь ихээхэн нэрвэгдсэн тус улсад оношлуурын хүрэлцээ дутмаг байгаа юм. 

Мөн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Иранаас өнгөрсөн гуравдугаар сард 150 мянга гаруй иргэн, Пакистанаас олон арван мянган иргэн Афганистанд эргэн ирсэн тул маш олон хүн халдвар авсан байж болзошгүй байгаа аж.