Японд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна

Японд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна

Япон Улсын Засгийн газар энэ сарын 16-наас коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор орон даяар онцгой байдал зарласан. Ингэхдээ энэ сарын 7-ноос онц байдал тогтоогоод байсан Токио, Чиба, Сайтама, Канагава, Осака, Хёого, Фукуока дээр нэмж, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото хот мужуудыг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”–ээр нэрлэсэн бөгөөд тус улсад халдварын тоо ойрын хугацаанд буурах хандлагагүй байгаа талаар Токио дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.

Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага, Эн-Эйч-Кэй агентлагын мэдээлснээр 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 10437, нас барсан хүний тоо 224 болоод байна. “Даймонд принцесс” хөлөг онгоцыг тооцвол батлагдсан тохиолдлын тоо 11149, нас барсан хүний тоо 237 болжээ. Х

арин эдгэрсэн иргэдийн тоо энэ сарын 18-ний өдрийн байдлаар 1069 болоод байна.

Япон Улсын орон нутагт өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоогоор дараах 10 аймаг, хот тэргүүлж байна. Тодруулбал:

  1. Токиод 2975
  2. Осакад 1136
  3. Канагава мужид 753
  4. Чиба мужид 664
  5. Сайтама мужид 627
  6. Фукуока мужид 504
  7. Хёого мужид 502
  8. Хоккайдод 407
  9. Айчи мужид 399
  10. Киотод 242 хүн тус тус халдвар авчээ.

Токио хотын эмнэлгүүд халдвар тархах эрсдэлтэй бүс болж байна. Зөвхөн Токио хот төдийгүй нийт Япон Улсын хэмжээнд Хоккайдо, Айчи, Осака, Тояма зэрэг мужуудад эмнэлэг дотор халдвар авсан хүний тоо 223 болжээ. Иймд тус улсад суугаа монголчуудыг олон нийтийн газраар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар онцын шаардлагагүй бол үйлчлүүлэхгүй байхыг  ЭСЯ-наас анхааруулж байна.