АНУ-ын иргэд "хөл хориог цуцлах"-ыг шаардаж эхэлжээ

АНУ-ын иргэд "хөл хориог цуцлах"-ыг шаардаж эхэлжээ

АНУ-д коронавирусийн тахалтын эсрэг хөл хорио тогтоосон нь олон мянган ажлын байрыг үгүй хийсэн. Энэ хямрал тус улсын иргэдэд бухимдал төрүүлж, хөл хориог зогсоох тэмцэлд хүргэжээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад тогтсон хорио цээрийн дэглэмийг гурван үе шаттай цуцалж, эдийн засгийг буцааж сэргээх зөвлөмж боловсруулснаа зарлажээ. Уг зөвлөмжийг АНУ-ын мужуудад зориулан гаргасан байна.

Сүүлийн хэд хоног хорио цээрийн дэглэмийг цуцлах эрх хэнд байгаа вэ гэсэн маргаан Трамп болон мужуудын захирагч нарын хооронд өрнөсөн юм.

Уг маргаанд Трамп ялагдаж, мужуудын захирагч нарт тус тусын хугацааг тогтоох эрхийг шилжүүлжээ. Дональд Трамп цар тахлын улмаас зогсонги байдалд орсон АНУ-ын эдийн засгийг аль болох богино хугацаанд сэргээх хүсэлтэй байгаа. Өчигдөр Вашингтоны засаг захиргаа сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 5.2 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасныг зарласан байна.

Ингэснээр сүүлийн нэг сарын хугацаанд нийт 22 сая Америк хүн ажилгүй болсон нь тус улсын түүхэнд байгаагүй тоо хэмжээ болжээ. Уржигдар Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын эхэнд Трамп мужуудын захирагч нартай сайн харилцаатай байгаагаа илэрхийлсэн юм. “Бид Ардчилсан нам, Бүгд Найрамдах намын захирагч нартай бүгдэнтэй нь сайн харилцаатай байгаа. Миний засаг захиргаанаас гаргаж байгаа зөвлөмжинд захирагч нар тус тусын мужид үе шаттай эдийн засгаа нээх эрхийг нь баталгаажуулсан. Хэзээ нээх хугацааг тус тусдаа бие дааж шийднэ. Тэд цуцлах болоогүй гэж үзвэл өөрсдийнхөөрөө шийдэж болно. Хэрвээ болсон гэж үзвэл бид тэдэнд хэрхэн нээх зөвлөмжийг хэрэгжүүлэх эрх чөлөөтэй нь хамт өгөх юм” гэж Трамп мэдэгджээ.

Эрх баригчид иргэдийг бөөнөөр нь оношлох бололцоогүй байгаа энэ үед хорио цээрийн дэглэмийг цуцлах нь аюултай гэж анагаах ухааны мэргэжилтнүүд төдийгүй хууль тогтоогчид үзэж байна.

Өчигдөр Трампын засаг захиргааны зөвлөмж гарсантай зэрэгцэн зарим мужууд хорио цээрийн дэглэмээ сунгах шийдвэр гаргажээ. Тухайлбал цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Нью Йорк муж тэргүүтэй зүүн хойд бүсийн долоон муж дэглэмийг тавдугаар сарын 15 хүртэл сунгах хамтарсан шийдвэрээ зарласан байна.

АНУ-ын 50 мужаас 42 нь хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдээ гэрээс гарахыг нь хязгаарлаад байгаа юм. Зүүн эргийн мужуудаас гадна баруун эргийн Калифорни, Вашингтон, Орегон мужууд эдийн засгийг буцааж нээх төлөвлөгөөг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Тэгвэл өчигдөр АНУ-ын дундад өрнөдийн долоон муж бас хамтран ажиллахаар болсноо зарлажээ.

Эх сурвалж: Reuters