АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ярилцсаны үр дүнд "онцгой хүйтэн" цаг агаарын улмаас Украины нийслэл Киев болон бусад хот, суурин газрууд руу долоо хоногийн хугацаанд довтолгоо хийхгүй байхаар тохиролцсон гэж мэдэгджээ.
Оросын тал уг тохиролцоог албан ёсоор батлаагүй байгаа ч Украины Ерөнхийлөгч В.Зеленский Д.Трампын мэдэгдлийг нааштайгаар хүлээн авч, Москва амлалтаа биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Трамп түр зогсолт яг хэзээнээс эхлэхийг тодорхой хэлээгүй ч Украины нийслэл Киев хотод өчигдөр /2026.01.29/ оройноос эхлэн агаарын температур эрс буурч, ойрын өдрүүдэд -24 градус хүрч эхэлжээ. ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш өмнөх өвлүүдийн адил хахир өвлийн улиралд Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон халдлагуудыг удаа дараа явуулж ирсэн.
Тэгвэл АНУ-ын телевизээр шууд дамжуулсан Засгийн газрын хуралдааны үеэр Д.Трамп, "Би Ерөнхийлөгч В.Путинээс Киев болон бусад хотууд руу долоо хоногийн турш галлахгүй байхыг хувиараа хүссэн. Тэр үүнийг зөвшөөрсөн” хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр, "олон хүн дуудлагаа дэмий үрэх хэрэггүй, амжилт олохгүй" гэж хэлжээ. "Гэхдээ В.Путин зөвшөөрсөн" гэж нэмж онцолсон байна. Д.Трампын хэлснээр, украинчууд эхэндээ төдийлөн итгээгүй ч байнгын довтолгооны дор амьдарч, тэмцэж байгаа тэдний хувьд энэ мэдээ маш их найдвар төрүүлсэн ажээ.
Өчигдөр /2026.01.29/ Украины Ерөнхийлөгч В.Зеленский олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Д.Трамп "энэ хүнд өвлийн үед Киев болон Украины бусад хотуудын аюулгүй байдлыг хангах боломжийн талаар чухал мэдэгдэл хийсэн. Манай багууд энэ асуудлыг Арабын Нэгдсэн Эмират улсад хэлэлцсэн. Тохиролцоонууд бодитой хэрэгжинэ гэдэгт найдаж байна" гэжээ.
BBC агентлагийн мэдээлснээр, Украин улс ч мөн адил харилцан тохиролцооны хүрээнд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийж байсан хариу довтолгоогоо зогсоохоор болсон гэж ойлгогдож байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират улсад уулзаж, дайн эхэлснээс хойшхи анхны гурван талт хэлэлцээг хийсэн юм. Хэлэлцээг бүх талууд "бүтээлч" гэж үнэлсэн ч Орос улс хэт хүйтний үеэр довтолгоогоо зогсоохоор тохиролцсон гэх албан ёсны мэдэгдэл гараагүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC