Иранд цөмийн хэлэлцээрийн "цаг дуусч байна" гэж Д.Трамп анхаарууллаа

Иранд цөмийн хэлэлцээрийн "цаг дуусч байна" гэж Д.Трамп анхаарууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Персийн буланд Америкийн цэргийн хүчийг тогтмол нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Иранд хандан цөмийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцээр хийх “цаг дуусч байна” хэмээн анхааруулжээ. 

Тэрээр АНУ-ын “асар том армада” Иран руу “агуу хүч, урам зориг, тодорхой зорилготойгоор маш хурдтайгаар” хөдөлж байна гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тус улсын зэвсэгт хүчин хуурай газар болон тэнгисийн аливаа түрэмгийлэлд “шууд бөгөөд хүчтэй хариу өгөхөд бэлэн, хуруугаа гохон дээр нь тавьсан” байдалтай байгаа гэж анхааруулжээ.

Иран улс цөмийн хөтөлбөрөө энх тайвны зорилготой хэмээн мэдэгдсээр ирсэн бөгөөд цөмийн зэвсэг бүтээхийг зорьж байна гэсэн АНУ болон түүний холбоотнуудын буруутгалыг удаа дараа няцааж байгаа юм.

Тэгвэл Д.Трампын энэхүү анхааруулга нь энэ сарын эхээр Иранд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг “харгис, урьд өмнө байгаагүй байдлаар дарсан” явдалд оролцсон хүмүүст хариуцлага тооцоход АНУ оролцоно хэмээн амласны дараа гарч байна. Сонирхуулахад, эсэргүүцлийн жагсаал Ираны мөнгөн тэмдэгтийн ханш огцом унаснаас эхэлсэн боловч удалгүй Ираны шашны дэглэмийн хууль ёсны байдалд чиглэсэн өргөн хүрээний жагсаал болж хувирсан юм. АНУ-д төвтэй Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлаг өнгөрөгч арванхоёрдугаар сарын сүүлээс хойш үргэлжилсэн жагсаалын улмаас 6301 гаруй хүн амиа алдсаныг баталгаажуулсан бөгөөд тэдний 5925 нь жагсагчид байжээ.

Тэгвэл Д.Трампын Ираны талаарх сүүлийн үеийн мэдэгдлүүд тус улсын цөмийн хөтөлбөрт нь илүү төвлөрч байгаа бололтой. Учир Д.Трамп өөрийн Truth Social цахим хуудастаа, "Иран хурдан ширээнд сууж, шударга, тэгш хэлэлцээр хийх болно гэж найдаж байна. ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ” хэмээн бичжээ. 

Тэрээр АНУ-аас илгээсэн цэргийн хүч Венесуэлийн хуучин удирдагч Николас Мадурог баривчлахаас өмнө тус улсад байршуулсан тэнгисийн цэргийн хүчнээс ч илүү том хэмжээтэй гэдгийг онцолсон байна. Мөн энэ хүч "шаардлагатай тохиолдолд хурд, асар их хүч ашиглан үүргээ богино хугацаанд гүйцэтгэхэд бүрэн бэлэн, хүсэлтэй, чадвартай” гэж мэдэгджээ.

Учир нь өнгөрсөн 2025 оны зургадугаар сард Ираны цөмийн байгууламжуудад өгсөн цохилтыг дурсахдаа Д.Трамп, "Дараагийн цохилт бүр ч аймшигтай байх болно. Үүнийг дахин бүү давт” хэмээн анхааруулжээ. 

Эх сурвалж: BBC