Хятадын армийн дээд түвшний нэгэн генералыг сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлснийг Бямба гараг /2026.01.24/-т мэдэгджээ.
Тэрбээр Хятадын армийн хамгийн эрх мэдэл бүхий байгууллага болох Цэргийн төв комиссын хоёр дэд даргын нэг бөгөөд сүүлийн жил үргэлжилж буй цэргийн удирдах түвшний албан тушаалтнуудын цэвэрлэгээний хамгийн сүүлийн жишээ болж байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү цэвэрлэгээ нь армийг шинэчлэх, мөн Хятадын цэргийн төв комиссыг даргалж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинд үнэнч байдлыг бэхжүүлэх зорилготой гэж үзэж байна. Энэ нь Ши Жиньпин 2012 онд эрх баригч Коммунист намын удирдлагад гарснаас хойш өрнөж буй авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг бөгөөд уг кампанит ажлын хүрээнд 200 мянга гаруй албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Цэргийн төв комиссын өөр нэг гишүүн болох Лю Жэнлиг мөн Коммунист намын зүгээс мөрдөн шалгаж эхэлснийг дурджээ. Тэрээр тус комиссын хамтарсан штабын газрын даргаар ажилладаг бөгөөд Цэргийн төв комисс нь Хятадын зэвсэгт хүчний дээд удирдах байгууллага юм.
Одоогоор мөрдөн шалгалтад холбогдсон үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгдээгүй байна. Өдгөө 75 настай Жан Ёся 1968 онд Хятадын ардын чөлөөлөх армид элссэн бөгөөд хуурай замын цэргийн генерал цолтой, олон жилийн турш цэргийн албанд хүчин зүтгэсэн туршлагатай нэгэн ажээ.
Хятадын коммунист нам өнгөрсөн оны аравдугаар сард Цэргийн төв комиссын өөр нэг дэд дарга Хэ Вэйдунийг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд комиссын гишүүн Жан Шэнминийг томилсон байна. Мөн 2024 онд авлигын хэрэгт холбогдуулан батлан хамгаалахын хоёр хуучин сайдыг намаас хөөж байжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Баасан гараг /2026.01.23/-т Хятад улсыг АНУ болон түүний холбоотнуудын стратегийн ашиг сонирхолд сорилт учруулж буй цэргийн хүч хэмээн тодорхойлсон шинэ Үндэсний батлан хамгаалах стратегийг танилцуулжээ. Тус баримт бичигт “Энэ нь дэглэм солих, эсвэл Хятадын оршин тогтнолд заналхийлэх зорилготой биш” хэмээн онцлоод, "харин АНУ-д ашигтай нөхцөл бүхий, Хятад улс хүлээн зөвшөөрч, оршин тогтнох боломжтой зохистой энх тайвныг бүрдүүлэх зорилготой” гэж дурдсан байна.
Эх сурвалж: ABC News