Мягмар гараг /2026.01.20/-ийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Европ руу чиглэсэн нислэг Air Force One онгоцонд гарсан цахилгааны гэмтлийн улмаас буцаж, Мэрилэнд муж дахь баазад аюулгүй газардсан талаар CNN агентлаг мэдээлжээ.
Цагаан ордны мэдээлснээр онгоцонд анхааруулах дохио ассан тул урьдчилан сэргийлэх үүднээс нислэгийг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Д.Трамп дараа нь өөр онгоцоор Швейцарийн Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор нисжээ.
Уг нислэгт ашиглагдсан Boeing 747-200B онгоц нь 1991 оноос ашиглагдаж буй, 30 гаруй жилийн настай Air Force One флотын нэг хэсэг бөгөөд энэхүү саатал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцны флот хэт хуучирсан эсэх талаар маргаан үүсгэжээ.
CNN агетнлагт шинжээч Мэри Скиаво “Air Force One бол дэлхийн хамгийн найдвартай онгоцны нэг байх ёстой. Гэвч анхааруулах дохио асахад буцаж шалгах нь аюулгүй байдлын стандарт журам” хэмээн тайлбарласан байна. АНУ-ын агаарын цэргийн хүчин олон жил шинэ Air Force One онгоц нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч Боинг компанитай байгуулсан гэрээ удааширч, анхны шинэ онгоцыг 2028 оноос өмнө хүлээн авах боломжгүй байгаа ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп одоогийн онгоцнуудыг удаа дараа “хэт хуучирсан” хэмээн шүүмжилж, шинэчлэлийг түргэсгэхийг шаардаж ирсэн аж. Тэгвэл энэ удаагийн саатал нь АНУ-ын ерөнхийлөгч "нөөц онгоц" ашиглахад хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC