АНУ Гренландыг хүчээр эзлэхгүй гэдгээ нотолж, Европын орнуудад тогтоох тарифын төлөвлөгөөгөө цуцалж буйгаа зарлажээ

АНУ Гренландыг хүчээр эзлэхгүй гэдгээ нотолж, Европын орнуудад тогтоох тарифын төлөвлөгөөгөө цуцалж буйгаа зарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландын талаарх “ирээдүйн хэлэлцээрийн хүрээ”-г НАТО-гийн удирдлагуудтай хэлэлцсэн тухайгаа мэдэгдэж, Европын холбоотнуудад тариф тогтоох төлөвлөгөөгөө цуцалснаа зарласан байна. 

Тэрээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтаа “маш үр бүтээлтэй” болсон хэмээн тодорхойлж, Гренланд болон Арктикийн бүс нутгийн талаар боломжит хэлэлцээрийн суурь хүрээ бүрдсэн гэж өөрийн "Truth Social" сүлжээндээ бичжээ. Гэвч хэлэлцээрийн нарийн нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мөн НАТО уг уулзалтыг эерэгээр үнэлж, яриа хэлэлцээ Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн болохыг онцолсон байна. Д.Трамп өмнө нь Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Гренландыг цэргийн хүчээр бус, харин дипломат замаар тохиролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. 

Тэрээр CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа уг хэлэлцээр урт хугацаанд үргэлжилж магадгүй бөгөөд ашигт малтмалын эрх, пуужингаас хамгаалах “Алтан бөмбөгөр” системийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хамарч болохыг дурдсан байна. Гренланд нь стратегийн байршилтайгаас гадна ховор элементийн асар их нөөцтэй бөгөөд эдгээр нь гар утас, цахилгаан автомашин зэрэг орчин үеийн технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой юм.

Харин Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен “Данийн Вант улсын бүрэн эрхийг хүндэтгэх хүрээнд Арктикийн аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдэхэд бэлэн” гэдгээ илэрхийлжээ.

Тэгвэл Нью-Йорк Таймсын мэдээлснээр, АНУ Гренландын зарим бүс нутагт цэргийн бааз байгуулах эрх авах боломжийг судалж байгаа бөгөөд энэ нь Кипрт байрлах Британийн цэргийн баазуудтай төстэй зохицуулалт байж магадгүй байгаа аж.  Үүний зэрэгцээ Д.Трамп Европын орнуудаас импортлох бараанд ногдуулах байсан тарифын төлөвлөгөөгөө цуцалснаа албан ёсоор зарлаж, “Энэхүү ойлголцлын үндсэн дээр би 2 дугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан тарифыг хэрэгжүүлэхгүй” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр АНУ Гренландыг хүчээр эзлэхгүй, харин харилцан ашигтай хэлэлцээрийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаагаа дахин онцолсон байна.

Эх сурвалж: BBC