Э.Энхтулга: Халдвараас болоод Монгол, Солонгос, Япон гээд бүх Азиуд гадуурхагдаж, бүр зодуулах тохиолдол ч их гарч байна

Э.Энхтулга: Халдвараас болоод Монгол, Солонгос, Япон гээд бүх Азиуд гадуурхагдаж, бүр зодуулах тохиолдол ч их гарч байна

“Би Хятад хүн биш, Монгол хүн”. Магадгүй та Европт амьдарч байсан, аль эсвэл яг одоо амьдарч байвал энэ үгийг цөөнгүй хэлсэн байх.  Учир нь Европын орнуудад коронавирусийн халдварын улмаас Азиудыг ялгаварлан гадуурхах үзэл даамжирч өдөр бүр цахим сүлжээнд “Хятад” нэрийн дор Европчуудад элдвээр доромжлуулсан, хараалгасан бүр зодуулж, халдлагад өртсөн Солонгос, Япон гэх мэт Ази төрхтэй хүмүүсийн сэтгэл өвтгөм явдал чих дэлсэх боллоо.

Тэгвэл хоёр хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа “Би бол Монгол хүн. Ази төрхтэй хүн бүр Хятад биш. Ази, Европ гэлтгүй бид бүгдээрээ л адилхан хүн” хэмээн зоригтой дуугарч буй Монгол залуугийн бичлэг олон мянган хүнд хүрч чадсан юм.

Түүнийг Э.Энхтулга гэдэг бөгөөд Австралид сурдаг. Саяхан биеийн тамирын дасгалаа хийж  байхад нь нэгэн хүн түүнийг “Коронавирус” гэж дуудсанаас үүдэн ялгаварлан гадуурхалтын талаар өөрийн дуу хоолойгоо бичлэгээр дамжуулан илэрхийлжээ. Бид түүнтэй холбогдон болсон үйл явдал хийгээд Австралид байгаа Монголчууд ямархуу байдалд байгаа талаар ярилцлаа.

-БИЧЛЭГЭЭРЭЭ АЗИ ТИВД ХЯТАДААС ГАДНА ОЛОН ҮНДЭСТЭН
БАЙДАГ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН-

-Сайн байна уу. Таны цахим хуудаснаа нийтэлсэн бичлэг олон хүнд хүрсэн. Болсон үйл явдлын талаар бидэнд ярьж өгөөч?

-Сайн. Сайн байна уу. Би Австралид ирээд гурван жил болж байна. Энд спорт, фитнессийн багшийн чиглэлээр сурахын сацуу каратэгийн багшаар ажилладаг. Одоо Австралид коронавирусийн улмаас гуравдугаар зэргийн хөл хорио тогтоогоод байгаа. Гуравдугаар зэргийн хөл хорио гэдэг нь нэгдүгээрт онлайнаар ажлаа хийх боломгүй иргэд ажилдаа явах, хоёрдугаарт хоол хүнсээ цуглуулах, гуравдугаарт эмийн сан орох, дөрөвдүгээрт дасгал хөдөлгөөн хийх гэсэн дөрвөн зорилгоор л гэрээсээ гарах зөвшөөрөлтэй. Бусад үед гадуур гарсан тохиолдолд 11 мянган долларын торгууль төлөхөөс эхлүүлээд зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хөл хорио тогтоосон. Хэд хоногийн өмнө би дасгал хийх гээд явж байтал замын нөгөө талаас нэг хүн над руу орилоод байсан. Би эхэндээ сайн сонсоогүй. Юу гэж хэлээд байгааг нь сонсох гээд дөхөөд очтол өөдөөс “Коронавирус” гэж орилсон. Тэгээд би “Та яагаад намайг ингэж дуудаад байгаа юм бэ? Бид нар адилхан Ази хүмүүс. Гэхдээ би Хятад хүн биш, Монгол хүн” гэж хэлсэн.  Миний бичлэг хийсэн гол шалтгаан нь Хятад бол Азийн нэг улс. Ази тивд Хятадаас гадна олон үндэстэн байдаг юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм.

-Ер нь иймэрхүү явдалтай урьд нь таарч байв уу?

-Энд бүх хүн коронавирус Хятадаас үүссэнийг мэдэж байгаа. Урьд нь ч янз бүрийн халдварт өвчнүүд Хятадад гарч, дэлхийн олон оронд тархаж байсан. Бас Хятад хүмүүс янз бүрийн зэрлэг амьтны махыг иддэг гээд таагүй хандах нь түгээмэл. “Хятадаас үүссэн халдварт өвчний улмаас бид хохирч байна” гэсэн өнцгөөс Хятадуудыг ялгаварлан гадуурхдаг. Гэхдээ ганц Хятад гэлтгүй Хятад төрхтэй Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Энд Ази царайтай л бол Хятад хүн гэж дүгнэдэг.  Намайг “коронавирус” гэж дуудсан тэр хүн Хятад хүн л гэж бодсон байх. Гэхдээ коронавирус гарахаас өмнө ч Хятад хүн гэж дүгнэн гудамжинд зүгээр явж байхад “Hey China” гэж дуудах, согтуу хүмүүс “Муусайн Хятадууд” гэж хандах тохиолдол цөөнгүй гардаг байсан. Одоо халдвараас болоод Монгол, Солонгос, Япон гээд бүх Азиуд гадуурхагдаж, бүр зодуулах тохиолдол ч их гарч байгаа.

-Таныг “Коронавирус” дуудсаны дараа “Би Хятад хүн биш. Монгол хүн” гэж хэлэхэд ямар хариу үйлдэл үзүүлэв?

-Анх өөртөө маш итгэлтэй “Коронавирус” гэж орилж зугаа хийж байсан. Тэгээд намайг очоод хэлсний дараа хэсэг чимээгүй болоод бантсан. Царайны өнгө төрх нь өөрчлөгдөөд сонин болсон ч үргэлжлүүлээд коронавирус гэж хэлсээр л байсан.

-АМНЫ ХААЛТЫГ ЗӨВХӨН ӨВЧТЭЙ ХҮН ЗҮҮНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ
БАЙДАГ БОЛОХООР ЗҮҮСЭН ХҮМҮҮС РҮҮ МУУХАЙ ХАРАХ,
ТААГҮЙ ХАРЬЦАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ-

-Одоо Австралид нөхцөл байдал хэр байгаа вэ. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд нэлээдгүй байна гэж дуулдсан?

-Одоо Австралид халдварын зургаан мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Гуравдугаар зэргийн хөл хорио тогтоосон тул хүмүүсийн хөдөлгөөн арай багассан. Буцах хүсэлтэй Монголчууд маш их байгаа. Саяхан Австрали дахь Монголын Элчингээс судалгаа явуулж хүмүүсийг бүртгэхэд доод тал нь 500 гаруй хүн нутаг руугаа явах хүсэлт гаргасан юм байна лээ. Бас маш олон оюутнууд байгаа. Оюутнууд удаан хугацаагаар онлайнаар хичээл үзэх юм бол Австралид ирсний хэрэг гарахгүй шүү дээ. Бас Австралийн Засгийн газраас арван сар хүртэл хилээ нээхгүй гэсэн тооцооллыг гаргасан. Тэр болтол  онлайн хичээл үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр олон хүнд байр, сургууль, хэрэгцээний мөнгөний асуудал үүснэ. Орлогогүй удаан хугацаагаар энд байвал хүнд байдалд орно шүү дээ.

-Европын орнуудад амны хаалтыг зөвхөн халдвар авсан хүн зүүнэ гэсэн ойлголттой байсан. Австралид ямар байна?

-Ер нь амны хаалт зүү гэж зөвлөхгүй байгаа. Амны хаалтыг өвдсөн, коронавирусийн халдвар авсан хүн зүүх хэрэгтэй, мөн өвчтэй хүнтэй харьцаж байгаа эмч нар зүүх хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Учир нь амны хаалт халдвараас сэргийлэхгүй гэсэн олон судалгаа гарсан. Гэхдээ миний бодлоор амны хаалтын хомстол үүсгэхгүй байх, бас эмнэлгийн ажилчдад хүртээмжтэй байлгах үүднээс ийм шийдвэр гаргасан байх. Амны хаалтын хүрэлцээ хангалттай байгаа ч хүмүүс төдийлөн зүүхгүй байгаа. Яг зүүж байгаа хүмүүс нь Азиуд. Гэтэл амны хаалт зүүсэн хүмүүс рүү муухай харах, таагүй өнгө аясаар хандах хандлага гардаг учраас зарим хүн гадуурхагдахаас эмээн зүүхгүй байх ч тохиолдол бий.

Европын орнуудад хэдэн зуун мянган гэм зэмгүй Монгол залуус сурч хөдөлмөрлөж, ажиллаж буй. Тэдгээр Монгол залуусын төлөөлөл Э.Энхтулгатай ярилцлаа. Хэдий коронавирус БНХАУ-д анх бүртгэгдсэн ч энэ бол санаатай зүйл биш гэдгийг бид ойлгож, ухамсарлах нь хамгаас чухал. Хятад хүн, Европ хүн, Ази хүн, Африк хүн гэсэн ялгаа байхгүй. Бид бүгдээрээ л нэг дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтөн. "Уулын мод урттай богинотой" байдгийн адилаар үүнийг ухаарч ойлгох хүн ч олон бий гэдэгт итгэж байна.