Стамбул-Улаанбаатарын тусгай нислэгээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн охин иржээ

Стамбул-Улаанбаатарын тусгай нислэгээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн охин иржээ

Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй бүх нислэгийг зогсоож, гадаад байгаа зарим иргэдээ Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу МИАТ компаниас тусгай үүргийн нислэг үйлдэж эх оронд нь авч ирж байгаа билээ. 

-ЗОРИЛТОД БҮЛГИЙН ИРГЭД БҮРЭН ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ-

Харин сүүлийн үед тусгай үүргийн нислэгээр зорилтод бүлгийн иргэд ирж чадахгүй байна гэх шүүмжлэл гадаадад байгаа манай иргэдийн дунд гарах болсон байна. Тухайлбал, энэ долоо хоногт БНСУ руу хийсэн нислэгээр “Эмчийн хяналтад байгаа хүнд өвчтөн”, “Жирэмсэн эх”, “Түр хугацаагаар хүүхэдтэйгээ зорчсон эцэг, эх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өндөр настан” гэсэн иргэдийг авч ирнэ гэж шийдвэрлэсэн байдаг. 

Гэтэл дээрх таван шалтгаантай иргэд бүрэн хамрагдаж чадаагүй гэж иргэд шүүмжилж байгаа юм. Учир тус нислэгээр ирсэн дээрх таван шалтгаантай иргэдээс гадна хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирсэн гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж буй. Зарим хэвлэлд тус нислэгээр УИХ, Засгийн газрын гишүүн асан нэгэн эрхэм хамаатнуудынхаа хамт ирсэн гэж мэдээлж байгаа юм. 

-УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ОХИН СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭР ИРЖЭЭ-

Энэ мэтээр тусгай үүргийн нислэгийг тойрсон иргэдийн хэл ам, хардлага намжихгүй нь бололтой. Мөн гуравдугаар сарын 19-ны өдөр ирсэн Стамбул-Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн төрсөн охин Ц ирсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Тэрээр ямар нэг давуу байдал эдлэхгүйгээр жирийн иргэдийн шугамаар төлбөрөө төлж, эх орондоо ирсэн байж болзошгүй юм. 

Учир нь Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү З ирсэн талаар мэдээлэл гарсан. Харин энэ асуудалд Ө.Энхтүвшин “Миний хүү төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, очер дайраагүй эх орондоо ирсэн” гэсэн тайлбарыг хийж байсан билээ. 

Улсын Онцгой комисс

-ЭНЭ САРЫН 17 НД БНСУ РУУ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ-

Өчигдөр /2020.04.10/ УОК-оос мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор 1800 гаруй иргэнээ авсан байна. Өнөөдрийн байдлаар 43 улсад 7624 иргэн эх орондоо  ирэх хүсэлт гаргасан байна.  Тухайлбал, Солонгост 2000, АНУ 1270, Австралид 906, Казакстан 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн  Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. 

Эдгээр дундаас

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага насны хүүхэд 307
  • Оюутан 973
  • Байрлах газаргүй болсон 409

Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна. Дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү нислэг хийхдээ  АНУ, Австрали зэрэг улсаар дайран ирэх нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ эхний онгоцонд суулгана. Мөн Европ руу нислэг хийхээр  төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа” гэсэн юм.