СУРВАЛЖИЛГА: Контент бүтээх, хурал, уулзалт хийх тоног төхөөрөмжийг цогц шийдсэн "Кафе"-г сэтгүүлчид хамтран нээлээ

СУРВАЛЖИЛГА: Контент бүтээх, хурал, уулзалт хийх тоног төхөөрөмжийг цогц шийдсэн "Кафе"-г сэтгүүлчид хамтран нээлээ

“Сайн байна уу. Би......... редакцын сэтгүүлч байна. Танаас энэ сэдвийн хүрээнд ярилцлага авмаар байна” гэх агуулга бүхий зурвас, дуудлагыг нэг сэтгүүлч өдөрт хэдэн удаа хийдэг бол. Ингээд л эх сурвалжтайгаа газар тохирч, ойр хавийн кофе шоп, ресторанаас царайчилж булан тохойд яаран сандран ярилцлага авах. Энэ бол өдөр тутам мэдээнд явж буй сэтгүүлчдийн хувьд тохиолддог, байдаг л зүйл.

ВИДЕО:

Мөн өөрийн сонирхсон чиглэл бүхий видео контент, подкаст хийх гэсэн ч тоног төхөөрөмж, байр савнаас эхлээд олон асуудал тулгамддаг. Тэгвэл энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн кафе, оффис, студийг сэтгүүлчид Монголд анх удаа нээжээ. Энэ газрын нэр бол “News cafe”.

Монголын өнөө цагийн сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө үлдээж, танигдсан  график, дизайнер Д.Чинцогт, сэтгүүлч Г.Улсболд, Г.Энэбиш, Ц.Шинэбаяр, О.Одгэрэл нар тус кафег үүсгэн байгуулжээ. 

Тус кафе нь нийт 200 м.кв талбайтай бөгөөд үндсэн том заалнаас гадна тус бүр өөр өөрийн гэсэн өнгө төрх, онцлог бүхий дөрвөн өрөөтэй. Хамгийн том заал нь нийт 40 орчим хүний багтаамжтай бөгөөд номын нээлт, хурал, уулзалт зэргийг зохион байгуулах боломжтой байна. Мөн 10-15 хүний багтаамжтай хурлын хоёр өрөөтэй. Эдгээр өрөөнд ажлын чухал уулзалт, хурал зэргээ хийхэд илүү тохиромжтой аж. Мөн эдгээр өрөөнүүдэд ухаалаг дэлгэц, самбар гээд хэрэгтэй бүхэн бүгд бий.

Мөн подкаст хийх зориулалт бүхий тоног төхөөрөмж, дуу тусгаарлагчтай өрөө ч энэ кафед бий. Хамгийн чухал нь энэ кафены булан, тохой бүрийг видео контент хийх боломжтой өнгө төрхтэйгөөр хийсэн нь онцлог.

"ЗАЛУУ СЭТГҮҮЛЧИД ӨСӨЖ ӨНДИЙХ ХҮРТЭЛ НЬ БОЙЖУУЛАХ ИНКУБАТОР БАЙХ БОЛНО"

“Ийгл” телевизийн тоймч, “News cafe” кафег үүсгэн байгуулагч Г.Улсболд “Би одоогоос хоёр жилийн өмнө Д.Чинцогттой танилцаж байлаа. Харин өнгөрсөн жилээс бид сэтгүүлчид цуглаж, ярилцаж суух газартай болох хэрэгтэй юм байна гэж ярилцаж эхэлсэн. Харин өнөөдөр жилийн дараа биеллээ олсон гэсэн үг. Энд маш олон хүний сэтгэл зүрх шингэсэн. Сэтгүүлчид цуглараад асуудлаа хэлэлцдэг. Яриад тухтай суудаг. Эх сурвалжаа авчраад ярилцлагаа яарч, сандрахгүй хийх боломжтой. Мөн сэтгүүлчид хоорондоо танилцах, ах эгч нараасаа суралцах боломж. Энэ кафе бол сэтгүүлзүйн салбарынхны халуун дулаан орчин байгаасай гэж хүсэж байгаа. Залуу сэтгүүлчид өсөж өндийх хүртэл нь бойжуулах инкубатор байх болно” гэв.

Мөн тус кафены нэг онцлог бол тоног төхөөрөмжийг нь ашиглан хийсэн контентоо мэргэжлийн сэтгүүлчид, график дизайнераас зөвлөгөө аван монтажаа хийлгэх боломжтой. Ингэхдээ тухайн үйлчилгээ бүрийн төлбөр зах зээлийн хамгийн бага өртөгтэй байхаар төлөвлөж байгаа аж.

"ЭНД ХҮМҮҮС ХООРОНД ЯРИГДСАН АСУУДАЛ ЭНДЭЭ Л ҮЛДЭНЭ"

Ийгл” телевизийн тоймч, “News cafe” кафег үүсгэн байгуулагч Г.Улсболд “Сэтгүүлзүйн салбарт өдгөө эдийн засаг, шүүх, эрүүл мэнд зэрэг тухайн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн клуб олон бий. Тэд хурал, уулзалтаа хийж жаргал зовлонгоо ярих гэхээр олон нийт бусдаас санаа зовох, нээлттэй ярилцахад хүндрэл гардаг. Харин энэ орон зайн “news cafe” нөхнө. Энд хүмүүс хооронд яригдсан асуудал эндээ л үлдэнэ. Бид одоогоор тухайн үйлчилгээ тус бүрийн үнийг нарийн гаргаагүй байна. Гэхдээ хамгийн боломжийн үнэтэй байлгах болно” гэлээ.

Гэхдээ энэ кафег зөвхөн сэтгүүлчдэд зориулсан гэж ойлгож болохгүй. Харин контент, подкаст зэргийг хийх сонирхолтой хүн бүрд зориулагдсан газар юм. Мөн халуун кофе, цай уугаад тайван суух. Найз нөхдөөрөө Youtube, Netflix үзэнгээ хөгжөөнт тоглоом тоглох боломжтой хэсэг ч энд бий.