Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлcэн байна.
Тус шаардлагад "Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5-р ангийн сурагчдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан эцэг эх, сургуулиудаас судалгаа, мэдээлэл авч, нээлттэй шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлэн ажилласан. Тус судалгаанд 51 сургуулийн 28,445 сурагч хамрагдахад, өвчилсөн сурагчийн тоо 1,908 буюу 6.7 хувь гарсан дүнтэй байна. Мөн цахим сургалт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж, гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгааг сургуулиудын зүгээс мэдээлж байна. Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна. Иймд Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна" гэжээ.
