"Украинд дайн дуусах ямар ч шинж харагдсангүй" гэж Америк, Оросын хэлэлцээг дүгнэжээ

"Украинд дайн дуусах ямар ч шинж харагдсангүй" гэж Америк, Оросын хэлэлцээг дүгнэжээ

Америкийн төлөөлөгчдийн Москвад хийсэн айлчлал өндөрлөсөн бөгөөд "Украинд дайн дуусах ямар ч шинж харагдахгүй байна" гэж BBC агентлаг мэдээллээ. Товчхондоо, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф болон Д.Трампын хүргэн Жаред Кушнер нартай Кремльд хийсэн хэлэлцээ үр дүнд хүрээгүй байна. 

Тэгвэл BBC агентлагийн тус мэдээлэлд, "Одоогийн байдлаар В.Путины үндсэн зорилго бол Украинд эхлүүлсэн том хэмжээний дайны эхэнд тавьсан зорилтууддаа хүрэх явдал юм. Кремль энэ зорилгоо биелүүлэх хоёр үндсэн гарцтай гэж үздэг. Нэгдүгээрт, цэргийн замаар. В.Путины мэдэгдлүүдээс харахад энэ нь түүний хувьд хамгийн тохиромжтой сонголт хэвээр байна. ОХУ асар их зардал, хүн хүчний хохирол амсаж байгаа ч Кремль энэхүү замыг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байна.

Хоёрдугаарт, дипломат замаар. Гэвч Оросын хүсэж буй дипломат шийдэл нь Киев, Брюссельтэй тэнцвэртэй, хэлэлцээр хийж, энх тайванд хүрэх зорилготой бус. Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчдыг “асуудлын эх үүсвэр” болгон харуулах, мөн АНУ-ыг Украиныг дэмжих байр сууринаасаа ухрахад нөлөөлөх явдал юм.

Ийм дипломат оролдлогын үр дүнд АНУ Киевийг сул байр суурь бүхий хэлэлцээрт шахвал Москва эргэлзээгүй баяртай байх болно. Хэрэв Цагаан ордон энэ үйл явдлаас бүрэн татгалзаж, эсвэл ердөө зуучлагчийн байр суурьтай үлдвэл Кремльд мөн л таатай.

Энэ бүхнийг харгалзан үзвэл Оросын өнөөгийн байр сууринд нийцэх “энх тайвны төлөвлөгөө” нь В.Путины тавьсан хэдхэн бус, бараг бүх шаардлагыг хангах ёстой гэсэн дүгнэлт гарна. АНУ-ын засаг захиргааны зарим төлөөлөгчдийн найдаж байсан “нутаг дэвсгэрийн тохиролцоо” яагаад хангалтгүйд тооцогдож байгаа нь ч үүгээр тайлбарлагдана. НАТО-гийн өргөжилт, Украины аюулгүй байдлын баталгаа, армийн хэмжээ, улс төрийн чиг баримжаа гээд Москвагийн хувьд тулгамдсан асуудлууд цөөнгүй бий.

Украин болон түүний холбоотнуудын нүдээр харахад В.Путины хувьд ихээхэн давуу тал өгсөн мэт санагдах хэдий ч Кремль АНУ-ын элч С.Виткоффын саналын эхний хувилбарыг хүртэл шууд татгалзсан нь анзаарагдаж байна. Киевтэй уялдуулан боловсруулсан хувилбар нь бүр ч илүү хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. В.Трампын хүргэн, бизнесийн түнш Жаред Кушнер Москвад айлчлахдаа энэ бодит байдлыг бүрэн ойлгосон эсэх нь хэр үнэн бэ гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.

Сүүлийн нэг жилийн турш Д.Трамп болон Оростой харилцаж ирсэн АНУ-ын албаныхан В.Путин дайныг ямар ч үнээр хамаагүй зогсоохыг хүсэж байгаа, түүнд зөвхөн боломж олгох л хэрэгтэй хэмээн итгэлтэй ярьж ирсэн. Харин С.Виткофф, Ж.Кушнер нарын айлчлалын дараах нэгэн чухал дүгнэлт бол, "Цагаан ордон Кремлийн зорилго, тэргүүлэх чиглэлийг бодит байдлаас өөрөөр ойлгож байсан байж магадгүй" гэсэн ойлголт юм" гэжээ. 

Эх сурвалж: BBC