АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд, "хар тамхины завинд хоёр дахь цохилт өгөхөөс өмнө амьд үлдсэн хүмүүсийг хараагүй" гэж мэдэгджээ

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд, "хар тамхины завинд хоёр дахь цохилт өгөхөөс өмнө амьд үлдсэн хүмүүсийг хараагүй" гэж мэдэгджээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Карибын тэнгист хар тамхины хөлөгт өгсөн хоёр дахь цохилтын өмнө амьд үлдсэн хүмүүсийг “биечлэн хараагүй” гэж мэдэгджээ. 

Учир нь анхны цохилтын дараа шатаж буй завин дээр хоёр хүн амьд үлдсэн байсан талаар мэдээлсэн ч түүнээс хойш удахгүй хийгдсэн хоёр дахь цохилт тэднийг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл дэлхий нийтийн анхааралд ороод байгаа юм. Есдүгээр сарын 2 /2025.09.02/-нд болсон энэхүү ажиллагаа нь АНУ-ын зэвсэгт хүчний мөргөлдөөнийг зохицуулдаг хуулийг зөрчсөн байж магадгүй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа юм. 

Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр /2025.12.02/ Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет тухайн нөхцөл байдлыг “эмх замбараагүй”, “дайны манан” гэж тайлбарласан байна. Цагаан ордон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дээд командлагч адмирал Фрэнк Брэдли хоёр дахь цохилтыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.

Вашингтон Пост сонин хоёр дахь цохилтын дэлгэрэнгүйг анх нийтэлсний дараа АНУ-ын Ардчилсан болон Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид хоёулаа санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлч асуухад Пит Хегсет эхний цохилтыг шууд харсан ч удалгүй өөр уулзалтад орсон тул дараагийн үйл явцыг хараагүй гэжээ. Тэрээр, “Би амьд үлдсэн хүмүүсийг биеэр хараагүй. Хөлөг онгоц галд автаж, дэлбэрсэн… юу ч харагдах боломжгүй байсан. Үүнийг л "дайны манан" гэдэг хэмээн хэлсэн байна. Тэрээр адмирал Брэдли завийг бүрэн устгах шийдвэрийг “зөв байсан” гэж үздэг бөгөөд энэ тухай “хэдхэн цагийн дараа” мэдсэн гэж нэмжээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп адмирал Брэдлиг өмгөөлсөн ч хоёр дахь цохилтын шийдвэр гаргах үйл явцад өөрийгөө холбоогүй гэдгээ илэрхийлж, “дараагийн цохилтын талаар бид мэдээгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн Д.Трамп, "гэхдээ би нэг зүйлийг хэлж чадна: бид эдгээр завийг зайлуулах ёстой” гэж онцолсон байна.

Энэ оны есдүгээр сарын эхнээс хойш Карибын тэнгис болон Зүүн Номхон далайд болсон энэ төрлийн ажиллагааны улмаас 80 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Д.Трампын засаг захиргаа эдгээр цохилтыг АНУ-ын иргэдийг хууль бус мансууруулах бодисын аюулаас хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мягмар гараг /2025.12.02/-т Д.Трамп цохилтуудын үр дүнд далайн замаар дамжин өнгөрөх мансууруулах бодисын наймаа эрс буурсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC