В.Путин, Д.Трамп нарын тусгай элчүүд өнөөдөр Москвад уулзаж, Украины дайны талаар хэлэлцэнэ

В.Путин, Д.Трамп нарын тусгай элчүүд өнөөдөр Москвад уулзаж, Украины дайны талаар хэлэлцэнэ

АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Д.Трампын зөвлөх Жаред Кушнер нар Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрийн хүрээнд Москвад очиж, Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар болсон. Энэ уулзалт нь Флоридад болсон хоёр өдрийн хэлэлцээнүүдийн дараах үргэлжлэл бөгөөд АНУ-ын дэмжлэгтэй энхийн төлөвлөгөөг боловсронгуй болгох зорилготой юм.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэлцээг “бүтээлч” гэж үнэлсэн ч газар нутгийн асуудал зэрэг хүндрэлтэй зүйлс үлдсэнийг онцолсон. Тэрбээр энхийн хэлэлцээрийн тэргүүлэх зорилт нь Украины тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэвээр байгааг мэдэгдсэн. 

Европын орны удирдагчид, түүний дотор Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэлцээрт Европын байр суурь зайлшгүй тусгагдах ёстойг онцолж, Украины газар нутгийн асуудлыг зөвхөн В.Зеленский шийдэх боломжтой гэж мэдэгдээд байна. ОХУ, АНУ-ын анхны энхийн төлөвлөгөөг үндэс болгох боломжтой гэж үзэж байсан ч Киев, Европын холбоотнуудын өөрчлөлт оруулсан хувилбарт Оросын тал эргэлзэж байгаа юм. Украины НАТО-д элсэх, аюулгүй байдлын баталгааны асуудлыг Москва эсэргүүцсээр байна.

Эх сурвалж: BBC