Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-тай хийх энхийн хэлэлцээний гол зорилтууд нь улсын бүрэн бүтэн байдал, бат бөх аюулгүй байдлын баталгааг хангах явдал гэдгийг мэдэгджээ. Тэрбээр “нутаг дэвсгэрийн асуудал хамгийн хүнд” хэвээр байгаа бөгөөд Орос улс Донбассын бүсийг нутгийг өгөхийг шаардаж байгаа ч Киев үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
В.Зеленский энэ талаар Францын Ерөнхийлөгч Э.Макронтай Парист уулзсаны дараа мэдэгдсэн бөгөөд түүнтэй хамт Их Британи, Герман, Польш, Итали зэрэг Европын орны удирдагчид цахим хэлэлцүүлэгт оролцжээ.
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф өнөөдөр /2025.12.02/ ОХУ-д очиж, В.Путинтай уулзахаар төлөвлөөд байгааа. Тэдний энэ удаагийн уулзалтад Д.Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнер мөн оролцох юм. С.Уиткофф нь В.Зеленский, Э.Макрон болон Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер нартай ярилцаж, эдгээр үр дүнг В.Путинд уламжлах юм.
Тэгвэл Э.Макрон “одоо ямар ч эцэслэгдсэн энхийн төлөвлөгөө байхгүй” гэдгийг онцлоод, аливаа тохиролцоо нь Украин болон Европын орнуудын оролцоотой гарч ирэх ёстой гэжээ. Мөн Украины нутаг дэвсгэрийн асуудлыг “зөвхөн В.Зеленский л шийдвэрлэнэ” хэмээгээд царцаасан хөрөнгийн асуудал, аюулгүй байдлын баталгаа, Европын холбоонд элсэх асуудал зэрэг нь Европын орнуудын оролцоо шаарддаг гэжээ.
Эх сурвалж: BBC