Шри Ланкын үер, хөрсний гулгалтаас болж амиа алдагсдын тоо 330 давж, 200 гаруй хүн сураггүй хэвээр байна. Мөн 20 мянга гаруй гэр байшин үерт урссанаар 108 мянган хүн түр хоргодох байранд толгой хоргодож байна.
Албаныхны мэдээлж буйгаар Шри Ланкын гурван хүн тутмын нэг нь тог цахилгаангүй, ундны усгүй байгаа тул онц байдал зарлажээ. Энэ удаагийн үер нь Шри Ланкын түүхэнд байгаагүй хамгийн хүндхэн сорилт болж буйг ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяакэ хэлэв. Мөн сүйрлийн дараах сэргээн босголтын тооцоолол асар өндөр гарахаар байгааг онцолж байна.
Нас баралтын хувь хамгийн өндөр байгаа хэсэг нь Канди болон Бадулла тосгон. Хөрсний гулгалтаас болж зам харгуй бүхэлдээ хаагдсан учир иргэд нь дүрвэх ч боломжгүй байна. Хүнс хоол, ундны усаа ч бараад буйг оршин суугч иргэн утсаар хэвлэлд мэдээлжээ. Байгалийн гамшиг хяналтаас гараад буй тул Шри Ланкын засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдээр олон улсаас тусламж хүсч, хилийн чанадад амьдарч буй иргэдээсээ хандив гуйсан билээ. Өдгөө тус улсад борооны улирал тохиож байгаа ч ийм хэмжээний гамшиг нүүрлэж байсан нь ховор аж. Хамгийн сүүлд 2003 оны зургадугаар сард болсон үерээр 254 хүн нас барсан нь бүтэн зууны хэмжээнд тохиосон хамгийн гамшигт үзэгдэл байжээ. ЭНД ДАРЖ уншина уу.