"Украины дайныг зогсоох хэлэлцээр "үр бүтээлтэй" боловч илүү их ажил хийх шаардлагатай байна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

"Украины дайныг зогсоох хэлэлцээр "үр бүтээлтэй" боловч илүү их ажил хийх шаардлагатай байна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээрийн хүрээнд Украинтай хийсэн уулзалтыг “үр бүтээлтэй” боллоо гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч “хийх ажил их байна” хэмээн онцолсон байна.

Өчигдөр /2025.11.30/ Флоридад болсон энэхүү уулзалтад Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар ч оролцсон байна. Харин С.Виткофф ирэх долоо хоногт Москвад айлчлан уг хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакын гэрт авлигын хэрэгтэй холбоотой нэгжлэг хийгдсэний дараа тэрээр албан тушаалаасаа огцорсон тул түүний оронд Р.Умеров томилогдсон байна. Ням гарагийн уулзалт нь сүүлийн хоёр долоо хоногт эрчимтэй явагдсан хэлэлцээрийн дараагийн чухал алхам болсон байна. Энэ бүхний эх нь АНУ-аас боловсруулсан 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө олон нийтэд ил болсноор Европын орнууд төдийгүй Украинд ч шүүмжлэл үүсгэсэнтэй холбоотой юм.

Өчигдөр болсон уулзалтын үеэр М.Рубио, “Энэ нь зөвхөн дайныг зогсоох нөхцөлүүдийн тухай бус, Украиныг урт хугацаанд хөгжиж, цэцэглэх боломж бүрдүүлэх тухай юм. Өнөөдөр бид энэ зорилгоо бататгалаа. Гэвч хийх зүйл маш их байна” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр Украины төлөөлөгчдөд хандан энхийн хэлэлцээний зорилго нь Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, тогтвортой хөгжилд чиглэнэ гэдгийг онцолжээ. 

Харин хэлэлцээний эхэнд Р.Умеров, “Бид Украины ирээдүй, аюулгүй байдал, түрэмгийлэл дахин давтагдахгүй байх нөхцөл, хөгжлийн замнал, дахин сэргээн босголтын талаар ярилцаж байна. АНУ биднийг сонсож, дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ. Уулзалтын дараа Р.Умеров хэлэлцээг “үр дүнтэй, амжилттай” гэж тодорхойлсон бол М.Рубио “маш үр бүтээлтэй, ашигтай” хэмээн үнэлсэн байна.

Тэгвэл Air Force One онгоцонд Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлэлцээ “сайн ахицтай” яваа бөгөөд мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэх боломж өндөр байгааг дурдсан байна. Тэрбээр өмнө нь С.Виткофф болон Ж.Кушнер нарыг энэ долоо хоногт Москвад илгээж, Оросын ерөнхийлөгч В.Путинтай шинэчлэгдсэн энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ гэж мэдэгдээд байсан юм.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский олон нийтийн сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ, “Хэлэлцээр бүтээлч байж, бүх асуудлыг нээлттэйгээр хэлэлцэн, Украины бүрэн эрхт байдал болон үндэсний ашиг сонирхолд нийцсэн байх нь чухал” гэжээ. Мөн АНУ болон Д.Трампын энхийн хүчин чармайлтад талархал илэрхийлжээ. 

Өчигдөр болсон уулзалтаар хэлэлцээгүй үлдсэн чухал асуудлын нэг нь Оросын нэгтгэсэн болон эзэмшилдээ авсан Украины нутаг дэвсгэрийн ирээдүйн статус хэвээр байна. Украинаас оролцсон эх сурвалжийн мэдээлснээр Флоридад болсон хэлэлцээ “амар байгаагүй ч бүх тал шийдэл олоход бүтээлчээр хандсан” гэжээ. Тэгвэл В.Зеленский өнөөдөр Францын Ерөнхийлөгч Э.Макронтой Парист уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC