В.Путин Украины дайныг зогсоох АНУ-ын төлөвлөгөөг гэрээний төсөл биш хэлэлцэх “асуултуудын багц” гэжээ

В.Путин Украины дайныг зогсоох АНУ-ын төлөвлөгөөг гэрээний төсөл биш хэлэлцэх “асуултуудын багц” гэжээ

Оросын ерөнхийлөгч В.Путин барууны хэвлэлүүдэд нийтлэгдэж буй АНУ-ын “Украины дайныг зогсоох төлөвлөгөө” хэмээх баримт бичгийн талаар байр сууриа илэрхийлж, Москва бодит гэрээний төсөл бус зөвхөн хэлэлцэхээр санал болгосон “асуултуудын багц”-ыг л хүлээн авсан гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, уг материал нь бүрэн боловсруулсан энхийн гэрээний төсөл гэж үзэх боломжгүй бөгөөд дипломат түвшний албан ёсны хэлэлцээрт хүрэх хүртэл тодруулж шийдэх олон зүйл үлдсэн байгаа гэжээ. 

Тодруулбал, В.Путин Киргизстанд хийсэн айлчлалын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр 28 зүйл бүхий төлөвлөгөөг Анкорижийн дээд хэмжээний уулзалтаас өмнө АНУ-тай хэлэлцсэн зарим асуудлын үндсэн дээр гарч ирсэн бөгөөд Москва тодорхой сувгаар түүнийг хүлээн авсан гэж мэдэгджээ. Түүний тайлбарласнаар, АНУ болон Украин Женевт нэмэлт хэлэлцээ хийж, анхны хувилбарын 28 зүйлийг дөрвөн хэсэгт ангилан дахин боловсруулсан байна.

Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Женевийн хэлэлцээний дараах хувилбар нь Украинд таатай нөхцөлийг илүү тусгаж, хамгийн маргаантай асуудлуудыг АНУ, Украины удирдагчдын түвшинд хэлэлцэхээр үлдээжээ. В.Путин баримт бичгийн тодорхой заалтууд ирээдүйн хэлэлцээрийн суурь болж болохыг хүлээн зөвшөөрсөн ч “эцсийн хувилбар” гэх зүйл одоогоор байхгүй, ийм нөхцөлд дүгнэлт хийх нь тохиромжгүй гэжээ.

Тэрээр баримт бичгийг дипломат хэллэгт буулгах шаардлагатай байгааг хэлээд зарим заалт нь Оросын хувьд “инээдтэй сонсогдож” байгааг нэмж хэлжээ. Тухайлбал, “Орос Европ руу довтлох бодолгүй” гэдгийг тусгайлан баталгаажуулах саналын талаар В.Путин “бид хэзээ ч тэгж бодож байгаагүй” гэжээ.

В.Путин АНУ тал Москвагийн байр суурийг тодорхой хэмжээгээр харгалзан үзсэн гэж дурдсан ч баримт бичгийн анхны хувилбар Украинд хүлээн зөвшөөрөгдөхөд бэрх, Москвагийн шаардлагад илүү нийцсэн заалтуудыг агуулж байсан талаар өмнөх мэдээлэлтэй зөрөхгүй байгаа аж. Иймд анхны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурсны дараа дайсагналыг нэн даруй зогсоох санал багтжээ.

Харин В.Путин дайсагналыг зогсоох нөхцөлийн талаар илүү хатуу байр суурь илэрхийлж, Украины Зэвсэгт хүчин эзэлж буй байр сууриа орхисны дараа л гал зогсооно, хэрэв тэгэхгүй бол Орос зэвсгийн хүчээр үүнийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. АНУ-ын анхны хувилбарт Украины Зэвсэгт хүчнийг Донецк мужийн Оросын эзлээгүй хэсгээс гаргах тухай тусгасан байсан ч Киев болон Европын холбоотнууд үүнийг эрс няцааж, Женевт болсон хэлэлцээрийн дараа газар нутгийн асуудлыг баримт бичгээс хассан юм.

В.Путин ирэх долоо хоногт Москвад ирэх АНУ-ын төлөөлөгчидтэй болох хэлэлцээний нэг гол сэдэв нь Крым, Донбассыг Оросын нэг хэсэг хэмээн хууль ёсоор хүлээн зөвшөөрөх асуудал болохыг дурдсан байна. Мөн Украин дахь мөргөлдөөнийг эцэслэх аливаа шийдвэрийг олон улсын гол тоглогчид хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг онцолжээ.

Фронтын нөхцөл байдлын талаар В.Путин Донецк мужийн Покровск, Мирноград хотуудыг Оросын цэргүүд “бүрэн бүслэсэн” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Северск рүү зүүн, өмнөд, хойд гурван чиглэлээс урагшилж, Харьков мужийн Вовчанск бараг бүхэлдээ Оросын хяналтад орсон гэжээ. Мөн Запорожьегийн чиглэлд давшилт эрчимжиж, Оросын цэргүүд Хуляйполе хот руу ойртсон байна. 

Гэвч Украины тал болон хараат бус эх сурвалцуудын мэдээллүүд В.Путины мэдэгдэлтэй тодорхой хэмжээгээр зөрчилдөж байна. Тодруулбал, Покровск, Мирноград хотууд бүслэгдсэн байж болох ч Украины арми хотын тодорхой хэсгийг хянасаар байгаа аж. Мөн Вовчанск хотод ширүүн тулалдаан үргэлжилж байгаа, Северскийн орчимд Оросын цэргүүд хотын захад тулсан ч бүрэн нэвтрээгүй зэргээр нөхцөл байдал илүү төвөгтэй байгаа ажээ.  

Харин В.Путин “Комсомольск” нэртэй хотод тулалдаан өрнөж буй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Учир нь Украины фронтын шугамын дагуух бүс нутагт ийм нэртэй хот байхгүй бөгөөд ажиглагчид үүнийг Покровск эсвэл Константиновкатай андуурсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Комсомольск нэртэй хамгийн ойрын хот фронтоос 300 гаруй километрийн зайд оршдог байна. 

Эх сурвалж: BBC