Лхагва гараг /2025.11.26/-т Вашингтон хотын төвд АНУ-ын Үндэсний гвардийн хоёр цэргийг буудсан хэрэгт буруутгагдаж буй Афганистан эр Рахманулла Лаканвал нь нэгэн цагт Афганистаны Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байсан гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхааралд ороод байна.
Албаныхны хэлснээр, Р.Лаканвал АНУ-ын баруун эргээс ирж, Лхагва гарагийн үдээс хойш Үндэсний гвардийн хоёр цэрэг рүү “отолт хийх маягаар” халдсан байна. Цагаан ордноос хэдхэн гудамжийн зайд болсон энэхүү халдлагад 20 настай Сара Бекстром, 24 настай Эндрю Волф нар ойрын зайнаас буудуулж, хоёул эмнэлэгт хүнд байдалтай хэвтэж байгаа юм.
29 настай Р.Лаканвал нь АНУ 2021 онд Афганистанаас цэргээ татсаны дараа хэрэгжсэн “Холбоотнууд тавтай морилно уу” хөтөлбөрийн хүрээнд тус улсад нэвтэрсэн олон мянган афганчуудын нэг байжээ. Энэ хөтөлбөр нь АНУ-тай хамтран ажиллаж байсан афган иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх зорилготой байсан аж.

Түүнтэй хамт алба хааж байсан командлагчийн өгүүлснээр, Р.Лаканвал есөн жилийн өмнө Кандагарын цохилтын хүчний 03 дугаар ангид элсэж, нутгийн иргэдийн дунд “Scorpion Forces” нэрээр танигдсан. Энэхүү тусгай анги Тагнуулын төв газрын харьяанд ажилладаг байжээ. Хожим тус анги Афганистаны Үндэсний аюулгүй байдлын газарт харьяалагдах болсон байна.
Р.Лаканвал GPS-ийн мөрдөгч мэргэжилтэн байсан бөгөөд командлагч нь түүнийг “спортлог, хөгжилтэй зан араншинтай” хүн хэмээн дурджээ. Талибан Кабулд нэвтрэхээс таван хоногийн өмнө түүний анги Кандагараас нүүн, Кабулын нисэх онгоцны буудлыг зургаан өдөр хамгаалсны дараа АНУ руу нүүлгэн шилжүүлэгджээ.
Р.Лаканвал 2024 онд АНУ-аас орогнол хүссэн бөгөөд түүний хүсэлтийг энэ оны эхээр, Д.Трамп засгийн эрхэнд гарснаас хойш зөвшөөрсөн байна. Гэвч ногоон картын хүсэлт нь одоогоор хяналтын шатанд байгаа ажээ.
Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклиффийн хэлснээр, Р.Лаканвалыг АНУ-д авчрах шийдвэр нь түүний Кандагар дахь түнш хүчний бүрэлдэхүүнд ажиллаж, АНУ-ын цэргийн болон тагнуулын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан түүхтэй холбоотой гэжээ.
Халдлагын дараа газар дээр байсан бусад Үндэсний гвардийн гишүүд Лаканвалыг буудаж саатуулсан байна. Хэрэв тэрээр зэвсэг ашиглан хүн амины хэрэг үйлдсэн гурван зүйл анги болон хүчирхийллийн гэмт хэргийн үеэр галт зэвсэг авч явсан нэг зүйл ангид буруутай нь тогтоогдвол олон арван жилийн хорих ял хүлээх төлөвтэй байна. Одоогоор тэр эмнэлэгт гэмтлийн шинжтэй эмчилгээ авч байгаа юм.
Тэгвэл Д.Трамп энэхүү халдлагыг “террорист үйлдэл” хэмээн тодорхойлж, “АНУ-д харьяалагдахгүй аливаа улс орноос ирсэн гадаадын иргэдийг дахин шалгах, шаардлагатай бол гаргах” арга хэмжээ авахыг даалгасан байна. Иймд АНУ Афганистаны иргэдийн бүх төрлийн цагаачлалын хүсэлтийг түр түдгэлзүүлсэн байна.
Мөн АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны дарга Жозеф Эдлоу Ерөнхийлөгч Д.Трампын өгсөн үүргийн дагуу “анхаарал хандуулж буй улс орнуудаас ирсэн гадаадын иргэдийн Ногоон картын өргөдлийг нарийн нягт шалгах” ажиллагааг эхлүүлснээ мэдэгджээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтоны гудамжинд эргүүл хийх зорилгоор Үндэсний гвардийн 500 цэргийг дахин дайчлан, нийслэлийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC