АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Цагаан ордны ойролцоо Үндэсний гвардийн цэргүүд рүү хийсэн халдлагыг Ерөнхийлөгч Д.Трамп "террорист үйлдэл" хэмээн тодорхойлжээ.
Орон нутгийн цагаар өчигдөр /2025.11.26/ Цагаан ордны ойролцоо болсон халдлагын улмаас Үндэсний гвардийн хоёр цэрэг хүнд шархдсан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдээлснээр, "Дотоодын аюулгүй байдлын яамны урьдчилсан мэдээллээр халдлага үйлдсэн этгээд 2021 онд Афганистанаас АНУ-д ирсэн бөгөөд энэ нь өмнөх засаг захиргаа Жо Байдены үед хэрэгжсэн нүүлгэн шилжүүлэлтийн бодлоготой холбоотой байх магадлалтай" гэж мэдэгджээ.
Ингээд Д.Трамп 2021 оноос хойш Афганистанаас АНУ-д нэвтэрсэн бүх хүнийг дахин шалгах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Вашингтоны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Пентагоны тэргүүн Пит Хегсетэд Үндэсний гвардийн 500 нэмэлт цэргийн алба хаагчдыг илгээх тушаал өгсөн байна. Яг одоо Цагаан ордны ойролцоох хамгаалалт чангарсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, зэвсэгт халдлагын сэдэл, гарал үүсэл, болзошгүй терроризмын шинжийг тодруулах ажил үргэлжилж байгаа ажээ.