Хонконгийн Тай По хороололд орон сууцны долоон барилга шатсаны улмаас 44 хүн амиа алдаж, 249 хүн сураггүй болоод байна. Гал лхагва гарагийн /2025.11.26/ орон нутгийн цагаар 14:51 минутад анх гарч, удалгүй томорчээ.
Улмаар тус гал 18 цаг гаруй үргэлжилж, түймрийг унтраахаар 800 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Хонконгийн галын алба энэхүү түймрийг хамгийн ноцтой ангилал болох тавдугаар зэрэглэлд оруулжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан, гурван барилгын компанийн удирдах ажилтныг хулсан шат болон полистирол хөөс зэрэг шатамхай материал ашигласантай холбоотой хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Эдгээр материал түймрийн хурдан тархалтад нөлөөлсөн байж болзошгүй гэж албаныхан мэдээлжээ. Шөнийн онцгой ажиллагааны үеэр нярай хүүхэд болон өндөр настай эмэгтэйг аварсан бол, гал сөнөөгч 37 настай нэгэн залуу амиа алдсан бөгөөд Засгийн газар түүнийг “Үндсэн үүрэгтээ үнэнч, эр зоригтой” гэж үнэлжээ. Мөн Тай По хорооллын гал 1962 оноос хойш хамгийн их хүний амийг авч одсон гал болов. Гал сөнөөгчид шөнөжин ажилласан боловч 32 давхар орон сууцны барилгуудын дээд давхарт хүрэхэд хүндрэлтэй байгаа талаар BBC агентлаг мэдээллээ. ЭНД ДАРЖ уншина уу.
ВИДЕО: