Ням гараг /2025.11.23/-т Женевт болсон АНУ, Украины хэлэлцээрийн үеэр Украинд хийж буй Оросын дайныг зогсоох зорилготой 28 зүйлтэй төлөвлөгөөг өөрчилж, 19 зүйлтэй шинэ төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Тэгвэл "Украин улс Оростой хийх дайныг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаар АНУ-тай "нийтлэг ойлголцолд" хүрсэн гэж мэдэгдсэн" тухай нийтлэлийг BBC агентлаг өнөөдөр /2025.11.26/ нийтэлсэн байна.
Тус нийтлэлд, "Украин улс Оростой хийх дайныг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаар АНУ-тай "нийтлэг ойлголцолд" хүрсэн гэж мэдэгдлээ. Энэхүү санал нь АНУ-аас өнгөрсөн долоо хоногт Украинд танилцуулсан 28 зүйл бүхий төлөвлөгөөнд тулгуурлажээ. Америк, Украины төлөөлөгчид Женевт болсон амралтын өдрүүдийн уулзалтаар тус төлөвлөгөөг нарийвчлан боловсруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп олон нийтийн сүлжээнд уг төлөвлөгөөг “нарийн тохируулж, хоёр талаас ирүүлсэн нэмэлт саналуудыг тусгасан” гэж тодорхойлсон. Тэрээр мөн тусгай элч Стив Витковыг Москвад очиж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахыг, харин АНУ-ын Армийн нарийн бичгийн дарга Дэн Дрисколлыг Украины талтай уулзахыг даалгаснаа мэдээлсэн.
Харин Оросын тал шинэ саналын төслийг хараахан аваагүй гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт танилцуулсан төлөвлөгөөнд орсон өөрчлөлтүүдийг Москва заавал хүлээн зөвшөөрнө гэж үзэх боломжгүй гэж анхааруулсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, АНУ-ын анхны хувилбарыг Москва ерөнхийдөө дэмжиж байсан ч томоохон өөрчлөлт орсон бол байдал “үндсэндээ өөр болно” гэж тодотгоод байна.
Сергей Лавров Мягмар гараг /2025.11.25/-ийн өглөөний байдлаар Кремль шинэ төлөвлөгөөний хувилбарыг хүлээж аваагүйг мэдэгдэхийн зэрэгцээ Европын орнуудыг АНУ-ын энхийг тогтоох оролдлогыг сааруулж байна гэж буруутгасан.
АНУ-ын тал Оросын тавьж буй нарийн санаа зовнилуудыг олон нийтэд дэлгээгүй боловч АНУ-ын Армийн нарийн бичгийн дарга Дэн Дрисколл болон Оросын төлөөлөгчид Даваа, Мягмар гараг /2025.11.24, 25/-уудад Абу Дабид уулзалт хийсэн байна. Москва, Киевийн хоорондын маргаантай гол асуудлуудын дунд Украины аюулгүй байдлын баталгаа, зүүн фронтын хэд хэдэн стратегийн бүс нутгийн хяналтын асуудал хэвээр үлдээд байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2025.11.25/ хийсэн мэдэгдэлдээ Д.Трамптай “эмзэг асуудлуудыг” хэлэлцэхэд бэлэн байгаагаа онцолж, талууд энэ сарын сүүлчээс өмнө уулзалт хийхээр зорьж буйгаа илэрхийлэв. Тэрээр, “Би Америкийн тал болон Ерөнхийлөгч Д.Трамптай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. АНУ-аас их зүйл шалтгаална. Учир нь Орос улс Америкийн хүч нөлөөг хамгийн анхааралтай ажигладаг” гэж В.Зеленский хэлжээ.
Цагаан ордон хэлэлцээрийн ирээдүйн талаар нээлттэй тайлбар хийгээгүй боловч Д.Трамп олон нийтийн сүлжээнд бичихдээ В.Зеленский болон В.Путинтай “удахгүй уулзахыг хүсэж байгаа, гэхдээ зөвхөн энхийн хэлэлцээр эцсийн шатандаа орсон үед л боломжтой" гэжээ.
Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон “гал зогсоох талаар Оросын бодит хүсэл харагдахгүй байна” гэж мэдэгдсэн бол Их Британийн Даунинг Стрийт “урт, хүнд зам үлдсэн” хэмээн анхааруулжээ.
Украины Европын холбоотнуудын бүрдүүлсэн “Хүсэл зоригийн эвсэл” өчигдөр Э.Макрон болон Их Британийн Ерөнхий сайд Сэр Кейр Стармер нарын даргалсан цахим уулзалтаа хийжээ. Уг уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцсон бөгөөд уулзалтын үеэр талууд энхийн хэлэлцээний хүрээнд Украинд олгох аюулгүй байдлын баталгааг түргэтгэхээр АНУ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.
Аюулгүй байдлын баталгаа бол Москва, Киев хоёрын санал зөрөлдөж буй олон асуудлын зөвхөн нэг нь юм. Учир нь В.Зеленский саяхан үг хэлэхдээ, энхийн үйл явцыг саатуулж буй “гол саад” нь Орос улс эзлэн авсан газар нутгаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөхийг Украины талаас шаардаж буйд оршино гэж мэдэгдсэн байна.
Тодруулбал, Оросын тал Украины цэргийг Донецк, Луганск мужуудыг багтаасан Донбассын бүхий л нутгаас бүрэн гаргахыг олон удаа шаардсаар ирсэн. Мөн Оросын тал одоогоор Крымын хойг болон Херсон, Запорожье мужуудын ихэнх хэсгийг хяналтдаа байлгаж байгаа юм. Энэ бүхний зэрэгцээ фронтын шугамд мөн тулалдаан үргэлжилж байгаа. Орос, Украин хоёр өчигдөр орой Запорожье хотод харилцан цохилт өгсөн тухай мэдээлжээ. Украины бүс нутгийн удирдагч Иван Федоровын мэдээлснээр, "цохилтын үеэр дор хаяж долоон хүн шархадсан бол Кремлийн томилсон захирагч Евгений Балицкий Киевын цохилтын улмаас Оросын хяналттай бүс нутгийн эрчим хүчний сүлжээ эвдэрч, 40,000 орчим хүн цахилгаангүй болсон" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: BBC