“Bloomberg TV Mongolia” 2024 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй улс орны эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэн манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Catalyst -2025” шагнал гардуулах ёслол болж, “Economic Catalyst”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгарсан байна.
Энэ шалгаруулалтад дараах шалгууруудыг баримталсан гэжээ. Тодруулбал,
- Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай хамтран ажилласан,
- Инфляцын зорилтыг оновчтой болгож, томьёолсон,
- Банкны салбарын бизнесийн зээл олголтыг тэлж буй,
- Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлсон,
- Үндэсний төлбөрийн системийн хөгжил дэлхийн түвшинд хүрсэн зэргийг харгалзан үзээд дээрх шагналын эзэн болсон гэсэн байна.
Гэтэл 2024 оны хоёрдугаар сард 6.3 хувь байсан инфляци 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иргэд ч хоёр оронтой тоонд хүрэх шахсан үнийн өсөлт болоод ажлаа хийж чадахгүй байгаа Монгол банкинд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.
Гэтэл ковидын үеийн инфляцтай харицуулаад дээрх шагналыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд өгсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Уг нь Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Гэтэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа инфляцийг бууруулж чадахгүй байгаа Монгол банкны Ерөнхийлөгчид “Economic Catalyst” гэсэн шагнал магадгүй ахадсан шагнал гэдгийг иргэд хэлж байна.