АНУ, Хятадын удирдагчид утсаар ярьсны дараа Д.Трамп ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчилна гэж мэдэгджээ

АНУ, Хятадын удирдагчид утсаар ярьсны дараа Д.Трамп ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчилна гэж мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр /2025.11.25/ утсаар ярьсныхаа дараа ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахаар тохиролцсон. Мөн ирэх жил Си Жиньпинийг АНУ-д төрийн айлчлалаар урих санал гаргаснаа мэдэгджээ.

Д.Трамп болон Си Жиньпин нар саяхан Бусан хотод уулзсан бөгөөд энэ удаагийн утасны ярианд худалдаа, Оросын Украинд явуулж буй дайн, Тайванийн асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр санал солилцжээ. Д.Трамп өөрийн Truth Social хуудсаараа дамжуулан “Манай харилцаа маш хүчтэй байна” хэмээн онцолсон бол Хятадын тал хоёр улс тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай зарчмыг баримтлан эерэг хандлагынхаа хурдыг хадгалах ёстой гэж мэдэгдсэн байна.

Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард Бусанд уулзсанаасаа хойш тарифын дарамтыг бууруулах чиглэлд тодорхой ахиц гаргаж, тогтоосон 20 хувийн тарифынхаа талыг бууруулахаар шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч Хятадын бараанд ногдуулсан тариф дунджаар 50 хувиас доош хэвээр байгаа аж.

Харин АНУ 100 хувийн нэмэлт тарифын сүрдүүлгээ түр зогсоосон бол БНХАУ ховор металлын экспортоо хязгаарлах арга хэмжээгээ түр хойшлуулжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левиттийн хэлснээр, хоёр орны удирдагчийн 1 цаг орчим үргэлжилсэн утасны ярианы гол анхаарал худалдааны асуудалд төвлөрсөн бөгөөд хоёр талын сүүлийн үеийн алхмуудад аль аль нь сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлжээ. 

Мөн энэхүү утасны ярианы үеэр Си Жиньпин Украин дахь дайны талаар байр сууриа илэрхийлээд зогсохгүй Тайванийн асуудлыг онцлон дурдсан байна. Учир нь Тайванийн асуудлаар Хятад Японтой дипломат маргаантай байгаа бөгөөд Японы Ерөнхий сайд Санаэ Такачичи энэ сарын эхээр Хятад Тайваньд халдсан тохиолдолд Япон цэргийн хариу арга хэмжээ авах магадлалтай гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC