АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Украинд хийж буй Оросын дайныг зогсоох зорилготой 28 заалттай нууц энхийн төлөвлөгөөг боловсруулсан тухай мэдээлэл дэлхий нийтийн анхааралд ороод байна. Мөн энэхүү төлөвлөгөөг хэлэлцэхээр Украин, АНУ-ын төлөөлөгчид өнгөрөгч Ням гараг /2025.11.23/-т Женевт хэлэлцээр хийсэн юм. Тэгвэл энэхүү уулзалтаар АНУ-ын боловсруулсан 28 заалттай энхийн төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар BBC агентлаг мэдээлжээ.
BBC агентлагийн тус нийтлэлд, "АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украинд энхийн хэлэлцээр байгуулуулахыг тууштай хүсч буйгаа илэрхийлсээр байна. Харин Украин энх тайванг бүр ч ихээр хүсэж байгаа ч “ямар ч үнээр” бус гэдгээ тод хэлж байгаа аж. Тиймээс АНУ Талархлын баярын үеэр шахалт үзүүлж, үндсэндээ бууж өгөх нөхцөлтэй хэлэлцээ шаардахад Украин татгалзсан юм" гэжээ.
Мөн "Өнгөрсөн амралтын өдөр Женевт өндөр түвшний хэлэлцээр эрчимтэй өрнөж, АНУ ба Украины төлөөлөгчид хар шилтэй лимузинаар хоёр гол байршлын хооронд нааш цааш зорчих нь анхаарал татаж байв. Хэлэлцээнд Германы, Францын болон Их Британийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд ч нэгдсэн. Киевийн хэлэлцээний багийг ахалж буй Андрей Ермакийг би ганцхан удаа харсан бөгөөд тэрбээр тун тайван, хөшүүн байдалтай харагдсан нь гайхах зүйл биш. Учир нь ширээн дээр байсан анхны санал нь Оросын шаардлагад хэтийдсэн хэлбэртэй байсан тул АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хүртэл “энэ баримтыг Кремль бичсэн мэт” хэмээн үгүйсгэхээс эхэлсэн.
Гэсэн ч Д.Трамп Украин хурдан тохиролцоонд хүрэх ёстой, эс бөгөөс тодорхой бус үр дагавартай нүүр тулна гэж шахалт үзүүлсэн тул Киев хэлэлцээнд зайлшгүй оролцсон юм.
Ням гараг /2025.11.23/-ийн орой Марко Рубио хэлэхдээ хэлэлцээгээр “асар их ахиц гарсан” бөгөөд “зөвхөн цөөн хэдэн асуудал” үлдсэн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс зайлсхийлсэн байна. Ийнхүү Украин-АНУ-ын хамтарсан мэдээлэлд шинэ баримт бичгийг “шинэчлэгдсэн, сайжруулсан хүрээний санал” гэж нэрлэсэн нь анхаарал татсан. Түүнийг олон нийт хараахан үзээгүй. Гэсэн хэдий ч "Financial Times" сонин Украинтай ярилцсан албаны эх сурвалжийн мэдээллээр анхны 28 зүйлтэй төлөвлөгөөнөөс бараг юу ч үлдээгүй, 19 зүйл бүхий шинэ төлөвлөгөө боловсруулагдсан гэжээ.
Энэхүү шинэ хувилбарт Киевт илүү таатай нэмэлт өөрчлөлтүүд орсон бололтой. Үүнд Украиныг НАТО-д элсэх боломжийг бүдгэрүүлж байсан автомат хориг, зэвсэгт хүчний тоог хязгаарлах заалтыг хассан байна. Мөн барууны цэргийг Украинд бүр мөсөн байрлуулахгүй байх тухай заалт хэвээр үлдсэн ч хатуу хориг маягаар бус тодорхой нөхцөлтэй тусгагджээ.
Хамгийн маргаантай сэдэв болох газар нутгийн асуудлаар Донбассын үлдсэн хэсгийг Орост үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлагыг хассан бөгөөд Украин эзлэгдсэн газар нутгийг зөвхөн дипломат аргаар буцаан авахыг зорих тухай байр сууриа хэвээр хадгалжээ. Дайны гэмт хэрэгтэнд бүрэн өршөөл үзүүлэх заалт ч мөн алга болсон.
Гэхдээ хамгийн чухал нь Украины аюулгүй байдлын баталгаа. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер зэрэг зарим удирдагч Украинд НАТО-гийн 5-р зүйлийн шинжтэй баталгаа олгох боломжийн талаар ярьсан. Энэ нь Орос дахин довтлох тохиолдолд АНУ Украинтай заавал хамт хамгаална гэсэн утгатай. Харин энэ бол Украин шууд хүлээн зөвшөөрөөгүй, үндсэн маргаантай асуудлын нэг хэвээр байна. Тэгвэл Европын эдгээр саналуудын хэд нь шинэ төсөлд багтсаныг одоогоор тодорхойгүй ч Германы канцлер Фридрих Мерц уг баримт бичгийг “эрс өөрчлөгдсөн” гэж үнэлсэн нь өнгө өөрчлөгдөж буйн дохио юм.
Харин Кремлийн талын саналыг илт тусгасан 28 зүйлтэй анхны хувилбар нь Д.Трампын тусгай элч Стив Виткофф энэ хавар Москвад айлчилсны дараа гарсан гэх мэдээлэл бий. Тэр В.Путинтай уулзаад, Оросын маргаантай түүхэн тайлбаруудыг бараг үгчлэн иш татаж буцсан гэж ярьдаг. Одоогийн шинэчлэгдсэн төслийг харвал Украин гарын үсэг зурах боломжтой түвшинд ойртсон мэт харагдаж байна.
Тиймээс Д.Трамп Украины удирдлагыг “талархалгүй” гэж шүүмжилж байсан бол сүүлийн өдрүүдэд “сайн үр дүн гарах боломжтой” гэх үнэлэмж рүү шилжсэн бололтой.
Гэхдээ “сайн” гэдэг нь үнэхээр юу гэсэн үг вэ? Орос улс хүчээр л бус бол тулаанаа зогсоохар бэлэн болсон шинж одоогоор ажиглагдахгүй байна. Карнеги төвийн шинжээч Татьяна Становагийн үзэж буйгаар, “В.Путин одоо цэргийн хувьд урьд урьдынхаас илүү итгэлтэй болсон” бөгөөд Украинд гарч буй авлигын маргаан, улс төрийн тогтворгүй байдал, дайчилгааны хүндрэл, фронт дээрх Оросын ахиц зэргийг Кремль өөрт ашигтай нөхцөл гэж харж байна.
Эцэст нь бол Д.Трампын шахалт хэлэлцээг урагшлуулах шинэ эрч хүч өгсөн ч өнөөг хүртэл өрнөж буй хэт эрчимтэй дипломат ажиллагаа бодит дэвшил гэхээс илүү эхлэл цэг рүүгээ буцсан мэт сэтгэгдэл төрүүлж буйг ажиглагчид хэлж байна. "Оросын байр суурь бол "бид шаардлагаа тавьсан, та нар хүлээж авах уу үгүй юу", хэрэв авбал дайн зогсоно, үгүй бол та нар өөрсдөө бэлэн болтол бид хүлээнэ” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC